Цэргийн албаны тухай хууль
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр
Улаанбаатар хот
ЦЭРГИЙН АЛБАНЫ ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
Хэвлэх
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасан үүргийнхээ дагуу эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмших, цэргийн алба хаахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Цэргийн албаны тухай хууль тогтоомж
Хэвлэх
2.1.Цэргийн албаны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
Хэвлэх
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг;
/Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
3.1.2."цэргийн жинхэнэ алба" гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүргийг биеэр гүйцэтгэхийг;
3.1.3."цэргийн дүйцүүлэх алба" гэж Монгол Улсын иргэн шашин шүтлэг, ёс зүйн болон энэ хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн албыг дүйцүүлэн хаахыг;
3.1.4."цэргийн бэлтгэл алба" гэж энэ хуульд заасан бэлтгэл албаны насны эрэгтэйчүүд, цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд байх, дайчилгааны цугларалт, сургуульд оролцохыг;
3.1.5."цэргийн жинхэнэ алба хаагч" гэж цэргийн байгууллагад цэргийн алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг;
3.1.6."офицерын алба" гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад офицерын албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаахыг;
3.1.7."ахлагчийн алба" гэж Монгол Улсын иргэн цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр цэргийн байгууллагад ахлагчийн албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаахыг;
3.1.8."хугацаат цэргийн алба хаагч" гэж цэргийн албанд татагдан цэргийн байгууллагад энэ хуулиар тогтоосон хугацаанд цэргийн жинхэнэ албыг биеэр хааж байгаа иргэнийг;
3.1.9."цэргийн гэрээт алба хаагч" гэж цэргийн байгууллагад сайн дураар гэрээгээр цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг;
3.1.10."оюутан-цэрэг" гэж цэргийн мэргэжил олгох сургалтад сайн дураар хамрагдаж байгаа их, дээд сургуулийн эрэгтэй оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагчийг;
3.1.11."цэргийн сургуулийн сурагч" гэж цэргийн хөгжмийн болон цэргийн дунд сургуульд суралцагчийг;
3.1.12."цэргийн бэлтгэл үүрэгтэн" гэж цэргийн бүртгэлд байгаа Монгол Улсын иргэнийг;
3.1.13."цэргийн цол" гэж цэргийн алба хаагчийн эрхэлж байгаа албан тушаалын ангилал, цэргийн боловсрол, цэргийн жинхэнэ алба хаасан хугацааг илэрхийлсэн зэрэглэлийг;
3.1.14."цэргийн бүртгэл" гэж цэргийн бэлтгэл үүрэгтний тоо, чанарт дүн шинжилгээ хийх бүртгэлийн тогтолцоог;
3.1.15."цэргийн жинхэнэ албанд татагдагч" гэж цэргийн жинхэнэ албанд татах тухай зарлан дуудах мэдэгдэл авсан иргэнийг;
3.1.16."цэрэгт бүртгэлтэй мэргэжил" гэж цэргийн алба хаагч, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, цэргийн бүртгэлд авах шаардлага бүхий иргэний мэргэжлийг;
3.1.17."нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн" гэж цэргийн жинхэнэ алба хаасан байлдагч, түрүүч, ахлагч, офицерыг;
3.1.18."хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн" гэж цэргийн бүртгэлд байгаа цэргийн алба хаагаагүй эрэгтэйчүүд болон цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүдийг.
4 дүгээр зүйл. Иргэний цэргийн үүрэг
Хэвлэх
4.1.Монгол Улсын иргэн цэргийн албанд татагдах, элсэх, цэргийн мэргэжил эзэмших, цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүрэг гүйцэтгэх, цэргийн бэлтгэл үүрэгтэн цэргийн бүртгэлд байх, цэргийн дайчилгааны цугларалт, сургуульд оролцох нь цэргийн үүрэгт хамаарна.
4.2.Монгол Улсын иргэн нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгаварлахгүйгээр цэргийн үүрэг хүлээнэ.
4.3.Дайны байдлын үед иргэний цэргийн үүргийг Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
4.4.Цэргийн бүртгэлийг Монгол Улсын нутаг дэвсгэрт жилд нэг удаа зохион байгуулах ба түүнд цэрэгт бүртгэлтэй иргэн бүр хамрагдана.
5 дугаар зүйл. Цэргийн тангараг
Хэвлэх
5.1.Монгол Улсын иргэн цэргийн жинхэнэ албанд орохдоо:
"Монгол Улсын иргэн Би Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж, өвөг дээдсийнхээ ариун гал голомт болсон Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг амь бие үл хайрлан батлан хамгаалахаа эх орон, төр, ард түмэндээ андгайлан тангараглая.
Би ард түмнийхээ үндэсний эв нэгдэл, Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, улсын нууцыг найдвартай хадгалж, Монгол Улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглая.
Эх орноо батлан хамгаалагч дайчин Би өргөсөн тангаргаасаа няцваас төрийн хууль ёсны цээрлэл хүлээнэ." гэж цэргийн тангараг өргөнө.
5.2.Цэргийн тангараг өргөх ёслолын журмыг цэргийн дүрмээр зохицуулна.
5.3.Цэргийн тангараг өргөсөн баримт бичгийг цэргийн алба хаагчийн хувийн хэрэгт хадгална.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЦЭРГИЙН АЛБА, ТҮҮНИЙ АНГИЛАЛ, ТӨРӨЛ
6 дугаар зүйл. Цэргийн алба, түүний төрөл
Хэвлэх
6.1.Цэргийн алба нь цэргийн жинхэнэ алба, цэргийн бэлтгэл албанаас бүрдэнэ.
6.2.Цэргийн жинхэнэ алба нь хугацаат болон цэргийн гэрээт алба, ахлагчийн алба, офицерын албанаас бүрдэнэ.
6.3.Цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий эмэгтэйчүүд сайн дураар офицерын ба ахлагчийн албыг хуулийн дагуу хааж болно.
6.4.Цэрэгт бүртгэлтэй мэргэжлийн жагсаалтыг Засгийн газар батална.
6.5.Цэргийн бэлтгэл алба нь нэгдүгээр зэргийн ба хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний албанаас бүрдэнэ.
7 дугаар зүйл. Хугацаат цэргийн алба
Хэвлэх
7.1.Хугацаат цэргийн алба хаах хугацаа 12 сар байна.
7.2.Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч онцгой нөхцөл бий болсон үед хугацаат цэргийн алба хаагчийн алба хаах хугацааг гурав хүртэл сараар сунгаж болно.
7.3.Хугацаат цэргийн алба хааж эхэлсэн хугацааг цэргийн анги, салбарт хуваарилсан өдрөөс, дуусгасан хугацааг бэлтгэлээр халах тухай цэргийн ангийн захирагчийн тушаалд заасан өдрөөс тус тус тооцно.
7.4.Иргэний хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаар 27 байна.
7.5.Иргэн хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө ажил, хөдөлмөр эрхэлж байсан бол ажил олгогч нь түүнийг халагдаж ирэхэд ажлын байраар хангана.
7.6.Цэргийн сургуулийн оюутан суралцаж байх хугацаандаа цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшсэн бол түүнийг хугацаат цэргийн алба хаасанд тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.
7.7.Цэргийн сургуулиас бусад их, дээд сургуулийн эрэгтэй оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагч сайн дурын үндсэн дээр цэргийн мэргэжил олгох "Оюутан-цэрэг" сургалтад хамрагдаж болно.
7.8.Цэргийн мэргэжил эзэмшсэн оюутныг цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.
7.9."Оюутан-цэрэг"-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмыг Засгийн газар батална.
8 дугаар зүйл. Цэргийн гэрээт алба
Хэвлэх
8.1.Монгол Улсын иргэн сайн дураар цэргийн албыг гэрээгээр хааж болно.
8.2.Хугацаат цэргийн алба хаасан иргэн цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах анхны хугацаа 24 сар байх бөгөөд гэрээний хугацааг цаашид хоёр жилээр 31 нас хүртэл сунгаж болно.
8.3.Шаардлагатай мэргэжил, албан тушаалд иргэнийг ахлагч, офицероор тав хүртэл жилийн хугацаагаар цэргийн гэрээт албанд элсүүлж болно.
8.4.Ахлагч, офицероор цэргийн гэрээт албанд элсүүлэх мэргэжил, албан тушаалын жагсаалтыг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын болон цэргийн мэргэжлийн байгууллага батална.
9 дүгээр зүйл. Цэргийн сургуулийн сонсогч, сурагч
Хэвлэх
9.1.Цэргийн сургуульд суралцаж байгаа байлдагч, түрүүч, ахлагч, офицерыг сонсогч гэнэ.
9.2.Цэргийн сургуульд 17 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг элсүүлэн суралцуулж болно.
9.3.Сонсогчийн цэргийн сургуульд суралцсан хугацааг иргэний ажилласан, цэргийн алба хаагчийн тэтгэвэр тогтоох хугацаанд оруулан тооцно.
9.4.Цэргийн сургуулийн сонсогчид боловсрол олгох, мэргэжил эзэмшүүлэхийг холбогдох хууль тогтоомжийн дагуу батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
9.5.Цэргийн сургуулийн сонсогч, сурагчийн ахуй хангалт, дүрэмт хувцсыг төр хариуцна.
9.6.Цэргийн хөгжмийн болон цэргийн дунд сургуулийн үлгэрчилсэн дүрэм, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, элсэлтийн журмыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батална.
9.7.Цэргийн сургуулийн дүрмийг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
10 дугаар зүйл. Ахлагчийн алба
Хэвлэх
10.1.Цэргийн зохих шатны сургууль, дамжаанд суралцаж, цэргийн мэргэжил эзэмшсэн 30 хүртэлх насны иргэнийг ахлагчийн албанд элсүүлж болно.
10.2.Ахлагчийн албан тушаал нь даргалах, гүйцэтгэх гэсэн ангилалтай байна.
10.3.Ахлагчийн алба хаагч нь боловсрол, мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн зохих шалгуур үзүүлэлтийг хангасан байна.
10.4.Энэ зүйлийн 10.3-т заасан шалгуур үзүүлэлтийг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага батална.
10.5.Иргэн ахлагчийн албыг 47 нас хүртэл хаана.
10.6.Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай ахлагчийн цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно.
11 дүгээр зүйл. Офицерын алба
Хэвлэх
11.1.Офицерын алба хаагч нь боловсрол, мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн зохих шалгуур үзүүлэлтийг хангасан байна.
11.2.Энэ зүйлийн 11.1-д заасан шалгуур үзүүлэлтийг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага батална.
11.3.Офицерыг дунд, ахлах, дээд гэж ангилна.
11.4.Офицерын албыг дунд офицер 47 нас хүртэл, ахлах офицер 52 нас хүртэл, дээд офицер 57 нас хүртэл хаана.
11.5.Эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана.
11.6.Алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, дадлагатай офицерын цэргийн жинхэнэ алба хаах хугацааг томилсон эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно.
11.7.Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан цэргийн сургуулийн багш, цэргийн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн офицерын алба хаах хугацааг дахин сунгаж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАНД ТАТАХ, ХАЛАХ, ЧӨЛӨӨЛӨХ, НӨХӨН ХААЛГАХ
12 дугаар зүйл. Хугацаат цэргийн албанд татах
Хэвлэх
12.1.Цэргийн жинхэнэ албанд тухайн жилд татах иргэний тоо, татлага явуулах ээлж, хугацааг Засгийн газар батална.
12.2.Монгол Улсын иргэн 18-25 насны эрэгтэйчүүдийг хугацаат цэргийн албанд татна.
12.3.Хугацаат цэргийн албанд татагдах иргэнд цэргийн жинхэнэ албанд татах тухай цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүргүүлнэ.
12.4.Хугацаат цэргийн албанд татагдах иргэний цэрэг татлагын байранд ирсэн байх өдөр, цагийг аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар батална.
12.5.3арлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр болон товлосон газарт ирсэн байх үүрэгтэй.
12.6.Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн хүндээр өвчилсөн, хорио цээр тогтоогдсон, гэнэтийн аюул осол тохиолдсоноос цэрэг татлагын байранд тогтоосон хугацаанд ирж чадаагүй нь төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын тодорхойлолт, эмнэлгийн магадалгаагаар батлагдвал хүндэтгэн үзэх шалтгаантай байсанд тооцно.
12.7.Хугацаат цэрэг татлагын үед байнга оршин суугаа газраасаа өөр газарт түр хугацаагаар яваа иргэн тухайн нутаг дэвсгэрийн цэрэг татлагын байранд очиж бүртгүүлэх үүрэгтэй.
12.8.Байгууллагын эрх бүхий албан тушаалтан, ажил олгогч цэргийн зарлан дуудах мэдэгдэл хүлээн авсан ажилтнаа ажлаас чөлөөлөн тогтоосон хугацаанд цэрэг татлагын байранд, эсхүл товлосон газар ирүүлэх үүрэг хүлээнэ.
12.9.Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэний аймаг, нийслэлийн цэрэг татлагын байранд хүргэхэд шаардагдах тээврийн, хүнсний ба байрны зардлыг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, цэргийн албанд тэнцсэн иргэнийг цэрэг татлагын байран дээр түр байрлуулах, хооллох, цэрэг татлагын байрнаас цэргийн анги хүргэх зардлыг хилийн ба дотоодын цэрэг, төрлийн цэргийн командлал тус тус хариуцна.
12.10.Гадаадад оршин суугаа Монгол Улсын иргэнийг цэргийн жинхэнэ албанд татах ажлыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран зохион байгуулна.
12.11.Цэрэг татлага явуулах тухай Засгийн газрын тогтоол нийтлэгдсэн өдрөөс эхлэн цэрэг татлагын хугацаа дуусах өдөр хүртэл цэргийн албанд татагдах насны иргэн тухайн нутгийн захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадад зорчихыг хориглоно.
13 дугаар зүйл. Цэрэг татлагын товчоо
Хэвлэх
13.1.Цэргийн албаны ээлжит татлагыг эрхлэн явуулах цэрэг татлагын товчоог дарга, орлогч, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулах бөгөөд цэрэг татлагын товчооны бүрэлдэхүүнд төрийн захиргааны байгууллагын зохих албан тушаалтан болон шаардлагатай мэргэжлийн байгууллагын ажилтныг томилон ажиллуулна.
13.2.Цэрэг татлагын товчоо дараахь үүрэг хүлээнэ:
13.2.1.Засгийн газраас тогтоосон ээлж, хугацаанд цэрэг татлагыг зохион байгуулах;
13.2.2.цэргийн жинхэнэ албанд татагдсан иргэнд нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийх;
13.2.3.цэргийн албанд тэнцсэн иргэнийг цэргийн жинхэнэ алба хаалгах шийдвэр гаргаж, цэргийн анги, байгууллагад хуваарилах;
13.2.4.иргэнээс цэрэг татлагатай холбогдуулан гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх.
13.3.Цэрэг татлагын товчоо иргэнийг энэ хуулийн 16.2-т заасныг үндэслэн цэргийн жинхэнэ албанд татахаас тухайн жил түр чөлөөлөх эрхтэй.
13.4.Цэрэг татлагатай холбогдох асуудлыг товчооны гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
13.5.Товчооны шийдвэрийн талаархи гомдол, маргааныг аймаг, нийслэлийн Засаг дарга шийдвэрлэнэ.
13.6.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга цэрэг татлага явуулахад шаардлагатай байр, тээврийн хэрэгслээр хангаж, дэмжлэг үзүүлэх албан тушаалтныг томилж ажиллуулах үүрэгтэй.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14 дүгээр зүйл. Хугацаат цэргийн албанаас түр чөлөөлөх, нөхөн хаалгах
Хэвлэх
14.1.Хугацаат цэргийн алба хаагчийг эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаат цэргийн албанаас түр чөлөөлж болно.
14.2.Хугацаат цэргийн алба хааж байхдаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн бол хугацаат цэргийн албанаас алба хаасан хугацаа харгалзахгүйгээр түр чөлөөлнө.
14.3.Хугацаат цэргийн албанаас түр чөлөөлөх асуудлыг нутгийн захиргааны байгууллагын тодорхойлолт, цэргийн эмнэлгийн магадалгаа, шүүхийн шийдвэрийг үндэслэн хилийн ба дотоодын цэрэг, төрлийн цэргийн командлал шийдвэрлэнэ.
14.4.Хугацаат цэргийн албанаас түр чөлөөлөгдсөн хугацаат цэргийн алба хаагч энэ зүйлийн 14.1, 14.2-т заасан шалтгаан арилмагц цэргийн албаны үлдсэн хугацааг нөхөн хаана.
15 дугаар зүйл. Хугацаат цэргийн албанаас халах
Хэвлэх
15.1.Энэ хуулийн 7.1-д заасан хугацаагаар цэргийн алба хаасан иргэнийг бэлтгэлээр халж, дайчилгааны бэлтгэл нөөцийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.
15.2.Хугацаат цэргийн албаны хугацаа дуусахаас өмнө нийтээр халах шийдвэрийг Улсын Их Хурал гаргана.
15.3.Цэргийн албаа үлгэр жишээчээр хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчийг хилийн ба дотоодын цэрэг, төрлийн цэргийн командлалын саналыг үндэслэн цэргийн мэргэжлийн дээд удирдлагын даргын шийдвэрээр цэргийн албаны хугацаа дуусахаас гурван сарын өмнө бэлтгэлээр халж болно.
15.4.Цэргийн албанаас халагдсан хугацаат цэргийн алба хаагчийн тээвэр, хоол, хүнс, байрны зардлыг аймаг, нийслэл хүртэл хилийн ба дотоодын цэрэг, төрлийн цэргийн командлал, сум, хорооны төв хүртэл аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар тус тус хариуцна.
15.5.Хугацаанаас өмнө түр чөлөөлөгдсөн болон орон нутгийн чөлөөгөөр яваа хугацаат цэргийн алба хаагчийн орон нутагтаа очих, буцах зардлыг цэргийн анги, байгууллага олгоно.
15.6.Хугацаат болон цэргийн гэрээт алба хаасан хугацааг иргэний ажилласан жилд тооцно.
16 дугаар зүйл. Тайван цагт хугацаат цэргийн албанд татахаас чөлөөлөх
Хэвлэх
16.1.Иргэнийг хугацаат цэргийн албаны цэрэг татлагаас дараахь үндэслэлээр чөлөөлнө:
16.1.1.эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй болох нь нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр тогтоогдсон;
16.1.2.цэргийн дүйцүүлэх алба хааж байгаа болон хаасан;
16.1.3.эхнэр нь хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон.
16.2.Иргэнийг хугацаат цэргийн албаны ээлжит татлагаас дараахь үндэслэлээр тухайн жилд түр чөлөөлж болно:
16.2.1.ээлжит цэрэг татлагаар эрүүл мэндээр тэнцээгүй;
16.2.2. 60-аас дээш настай эцэгтэй, 55-аас дээш настай эхтэй, хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон эцэг, эхтэй, эсхүл эцэг, эхийн аль нэг нь хөдөлмөрийн чадваргүй, тэднийг хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй бол хамт амьдардаг эсэхийг харгалзахгүйгээр;
16.2.3.сургуулийн өмнөх насны хоёр буюу түүнээс дээш хүүхэдтэй;
16.2.4.эхнэр нь жирэмсэн бөгөөд сургуулийн өмнөх насны нэг хүүхэдтэй;
16.2.5.хууль ёсоор асран хамгаалах, харгалзан дэмжих өөр хүнгүй 16 хүртэлх насны төрсөн дүүтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлийн 1, 2 дугаар зэрэг тогтоолгосон төрсөн ах, эгч, дүүтэй;
16.2.6.хугацаат цэргийн албанд татах иргэний хяналтын тоонд багтаагүй иргэнийг;
16.2.7.гэмт хэргийн улмаас хууль сахиулах байгууллагад шалгагдаж байгаа болон ял эдэлж байгаа иргэнийг.
16.3.Энэ зүйлийн 16.2-т заасан үндэслэлийг аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хорооны Засаг даргын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэгсдийн баталгаа, хөгжлийн бэрхшээлтэйг тогтоосон баримт, эмнэлгийн магадалгааг үндэслэн тогтооно.
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЦЭРГИЙН ГЭРЭЭТ АЛБАНД ЭЛСҮҮЛЭХ, ДУУСГАВАР БОЛОХ
17 дугаар зүйл. Цэргийн гэрээт албанд элсүүлэх
Хэвлэх
17.1.Цэргийн гэрээт албанд хугацаат цэргийн алба хаасан иргэнийг цэргийн анги, байгууллагын захирагч, дарга элсүүлж, гэрээ байгуулан албан тушаалд томилно.
17.2.Цэргийн гэрээт алба хаах журмыг Засгийн газар батална.
18 дугаар зүйл. Цэргийн гэрээт алба дуусгавар болох
Хэвлэх
18.1.Цэргийн гэрээт алба дараахь тохиолдолд дуусгавар болно:
18.1.1.цэргийн жинхэнэ алба хаах гэрээний хугацаа дууссан;
18.1.2.эрүүл мэндийн байдлаар цэргийн албанд тэнцэхгүй болох нь нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр тогтоогдсон;
18.1.3.цэргийн гэрээт алба хаах насны дээд хязгаарт хүрсэн.
ТАВДУГААР БҮЛЭГ
ЦЭРГИЙН ЖИНХЭНЭ АЛБА ХААХ ЖУРАМ
19 дүгээр зүйл. Цэргийн жинхэнэ алба хаах болзол
Хэвлэх
19.1.Офицер, ахлагчийг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагаас тогтоосон шалгуур үзүүлэлтийг баримтлан албан тушаалд томилно.
19.2.Офицер, ахлагч нь дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байна:
19.2.1.дипломын болон түүнээс дээш боловсролтой байх;
19.2.2.мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын ажлын байрны шаардлагыг хангасан байх;
19.2.3.биеийн эрүүл мэндээр цэргийн жинхэнэ албанд тэнцэх тухай цэргийн эмч нарын комиссын дүгнэлт гарсан байх;
19.2.4.бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийг хангасан байх;
19.2.5.цэргийн алба хаагчийн ёс зүйн шаардлага хангасан байх.
19.3.Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан офицер, ахлагчийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлагыг хангасан 35 хүртэлх насны иргэнийг офицерын, 30 хүртэлх насны иргэнийг ахлагчийн албанд авч болох бөгөөд офицер, ахлагчийн албанд авах уг иргэнийг цэргийн бэлтгэл, сургалтад хамруулна.
19.4.Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, ар гэрийн гачигдлын улмаас цэргийн албанаас чөлөөлөгдсөн бэлтгэл офицер, ахлагчийг цэргийн албанаас чөлөөлөгдсөнөөс хойш таван жилийн дотор энэ зүйлийн 19.2-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд офицер, ахлагчийн албанд эгүүлэн авч болно.
19.5.Алба хаах насны дээд хязгаарт хүрч цэргийн тэтгэвэр тогтоолгосон дээд офицер, офицер, ахлагч, энэ зүйлийн 19.3-т заасан наснаас хэтэрсэн цэргийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг офицер, ахлагчийн орон тоонд ажиллуулахыг хориглоно.
19.6.Цэргийн анги, байгууллагын захирагч, дарга, түүнээс дээших удирдах албан тушаалд цэргийн алба хаагч ажиллах хугацаа дөрвөн жил байх бөгөөд ажлын шаардлагаар нэг жилээс илүүгүй хугацаагаар сунган ажиллуулж болно.
19.7.Офицерын удирдах албан тушаалд цэргийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг ажиллуулахыг хориглоно.
19.8.Энэ зүйлийн 19.6-д заасан хугацаа нь ижил түвшний албан тушаалд сэлгэн ажиллуулах болон дэвшүүлэн томилогдсон тохиолдолд хамаарахгүй.
20 дугаар зүйл. Офицер, ахлагчийн албан тушаалыг түр хавсран гүйцэтгэх
Хэвлэх
20.1.Эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр гурваас дээш сарын хугацаагаар түр эзгүй байгаа алба хаагчийн үүргийг өөр алба хаагчаар хавсран гүйцэтгүүлж болно.
20.2.Албан үүргийг түр хавсран гүйцэтгэсэн алба хаагчид хавсран гүйцэтгэж байгаа албан тушаалын цалингийн 40 хүртэл хувиар урамшуулал олгоно.
20.3.Цэргийн алба хаагчийн түр суларсан орон тоог нөхөж ажиллуулах, албан үүргийг түр хавсран гүйцэтгэх журмыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
21 дүгээр зүйл. Цэргийн алба хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах
Хэвлэх
21.1.Цэргийн жинхэнэ алба хаагчийг албан ажлын шаардлага, эсхүл эрүүл мэндийн байдал, өөрийн хүсэлтийг харгалзан өөр албан тушаалд шилжүүлэн томилж болно.
21.2.Ажлын шаардлагыг харгалзан офицерыг захиргааны санаачилгаар нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн томилно.
21.3.Цэргийн жинхэнэ алба хаагчийг өөр албан тушаалд сэлгэн ажиллуулахдаа эрхэлж байгаа албан тушаалын цалин хөлс, цэргийн цолыг бууруулж болохгүй.
22 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийг албан тушаалаас чөлөөлөх
Хэвлэх
22.1.Цэргийн алба хаагчийг дараахь үндэслэлээр албан тушаалаас чөлөөлнө:
22.1.1.анги, байгууллага татан буугдсан, орон тооны өөрчлөлтөөр албан тушаал нь хасагдсан;
22.1.2.өөр ажилд томилогдсон;
22.1.3.цэргийн жинхэнэ албанд биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй тухай цэргийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гарсан;
22.1.4.тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн;
22.1.5.алба хаах насны дээд хязгаарт хүрсэн;
22.1.6.өөрийн хүсэлтээр.
23 дугаар зүйл. Албан тушаал бууруулан томилох
Хэвлэх
23.1.Цэргийн алба хаагчийн албан тушаалыг захиргааны санаачилгаар доор дурдсан үндэслэлээр бууруулан томилж болно:
23.1.1.цэргийн нийтлэг дүрэмд заасны дагуу албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан;
23.1.2.албан тушаалын үүрэгтээ тэнцэхгүй тухай харьяа анги, байгууллагын захирагч, даргын дүгнэлт гарсан.
24 дүгээр зүйл. Цэргийн жинхэнэ албанаас халах
Хэвлэх
24.1.Офицер, ахлагчийг дараахь тохиолдолд нас харгалзахгүйгээр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр халж болно:
24.1.1.цэргийн нийтлэг дүрэм, цэргийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн;
24.1.2.гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
24.1.3.Энэ хуулийн 19.2.2-т заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшинд тавигдах шалгуур үзүүлэлтийг хангахгүй болсон.
24.2.Офицер, ахлагч нь Монгол Улсын иргэний харьяатаас гарсан бол түүнийг цэргийн жинхэнэ албанаас хална.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ЦЭРГИЙН ЦОЛ
25 дугаар зүйл. Цэргийн цол
Хэвлэх
25.1.Цэргийн албаны албан тушаал бүр цэргийн цолны зэрэглэлтэй байна.
25.2.Цэргийн цол, түүний зэрэглэл нь цэргийн алба хаагчид цэргийн дүрмээр тогтоогдсон эрх, үүрэг, мөнгөн болон материаллаг хангалтын хэмжээг тодорхойлох үндэслэл болно.
25.3.Монгол Улсын цэргийн байгууллагад дараахь цэргийн цолыг хэрэглэнэ:
25.3.1.офицер нь "дэслэгч", "ахлах дэслэгч", "ахмад", "хошууч", "дэд хурандаа", "хурандаа", "бригадын генерал", "хошууч генерал", "дэслэгч генерал", "генерал" цолтой байх;
25.3.2.ахлагч нь "дэд ахлагч", "ахлагч", "ахлах ахлагч", "сургагч ахлагч", "тэргүүн ахлагч" цолтой байх;
25.3.3.хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч нь "байлдагч", "ахлах байлдагч", "дэд түрүүч", "түрүүч", "ахлах түрүүч" цолтой байх.
25.4.Дэслэгч, ахлах дэслэгч, ахмад цолтой офицерыг "дунд офицер", хошууч, дэд хурандаа, хурандаа цолтой офицерыг "ахлах офицер", бригадын генерал, хошууч генерал, дэслэгч генерал, генерал цолтой офицерыг "дээд офицер" гэнэ.
26 дугаар зүйл. Цэргийн цол олгох албан тушаалтан
Хэвлэх
26.1.Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч дээд офицерын цолыг олгоно.
26.2.Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын дарга нь дараахь цэргийн цолыг олгоно:
26.2.1.офицерын анхны цолыг;
26.2.2.ахлах офицерын "хурандаа" цолыг;
26.2.3.цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын цэргийн алба хаагчийн цолыг.
26.3.Цэргийн байгууллагын дарга, төрлийн цэргийн командлагч нь дараахь цэргийн цолыг олгоно:
26.3.1."хурандаа" цолноос бусад офицерын цолыг;
26.3.2.ахлагчийн анхны болон "сургагч ахлагч", "тэргүүн ахлагч" цолыг.
26.4.Цэргийн нэгтгэл, анги, байгууллагын захирагч, дарга нь дараахь цэргийн цолыг олгоно:
26.4.1.ахлагчийн анхны болон "сургагч ахлагч", "тэргүүн ахлагч"-аас бусад ахлагчийн цолыг;
26.4.2.хугацаат болон цэргийн гэрээт алба хаагчийн цолыг.
26.5.Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч тогтооно.
26.6.Дээд офицероос бусад цэргийн алба хаагчийн албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг батлан хамгаалах, хил хамгаалалт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
26.7.Офицер, ахлагчид цэргийн цолыг анхны цолноос эхлэн дэс дараалан олгоно.
26.8.Дайчилгаатай сургууль, цугларалт, цэрэг-стратегийн бэлтгэл сургалтад хамрагдсан цэргийн бэлтгэл үүрэгтэнд түүний эзэмшсэн цэргийн мэргэжил, томилгоот албан тушаалын цолны зэрэглэлийг харгалзан цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын дарга цэргийн цолыг олгоно.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27 дугаар зүйл. Цэргийн цолыг хэрэглэх
Хэвлэх
27.1.Цэргийн алба хаагч цэргийн жинхэнэ алба хааж байхдаа, цэргийн бэлтгэл үүрэгтэн дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үедээ цэргийн цолыг хэрэглэнэ.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
27.2.Цэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн цолны өмнө "бэлтгэл", цэргийн бэлтгэл албанд байх нас хэтэрсэн, эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй гэж эмнэлгийн дүгнэлт гарсан бэлтгэл үүрэгтний цэргийн цолны өмнө "чөлөөнд байгаа" гэсэн тодотголыг хэрэглэнэ.
27.3.Энэ хуулийн 3.1.1-д заасан цэргийн алба хаагчаас бусад албан тушаалтан хуульд өөрөөр заагаагүй бол цэргийн цол хэрэглэхийг хориглоно.
27.4.Цэргийн цолны нэр, тэмдэг, түүний загварыг цэргийн байгууллагаас бусад төрийн болон төрийн бус байгууллага, албан тушаалтан хэрэглэхийг хориглоно.
28 дугаар зүйл. Цэргийн цолыг бууруулах, хураан авах, сэргээх
Хэвлэх
28.1.Цэргийн алба хаагч сахилгын зөрчил гаргаж албан тушаал буурсан тохиолдолд түүнд тухайн ажиллах албан тушаалын цолыг эдлүүлнэ.
28.2.Гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн болон Монгол Улсын харьяатаас гарсан цэргийн алба хаагчийн цэргийн цолыг цол олгосон албан тушаалтны шийдвэрээр хурааж авна.
28.3.Бэлтгэл офицер, ахлагчийг ажлын зайлшгүй шаардлагаар цэргийн жинхэнэ албанд эгүүлэн авбал түүний цэргийн цолыг сэргээнэ.
ДОЛДУГААР БҮЛЭГ
ЦЭРГИЙН ДҮЙЦҮҮЛЭХ АЛБА
29 дүгээр зүйл. Цэргийн дүйцүүлэх алба, түүний төрөл
Хэвлэх
29.1.Цэргийн дүйцүүлэх алба нь биеэр дүйцүүлэх болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах гэсэн хэлбэртэй байна.
29.2.Монгол Улсын иргэн шашин шүтлэг, ёс зүйн болон хуульд заасан бусад шалтгаанаар биеэр дүйцүүлэн хааж болно.
29.3.Хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн хуулиар тогтоосон хугацаат цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаана.
30 дугаар зүйл. Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах
Хэвлэх
30.1.Монгол Улсын иргэн 18-25 насны цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн шашин шүтлэг, ёс зүйн шалтгаанаар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж болно.
30.2.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах хугацаа 24 сар байна.
30.3.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэргийн штабын шийдвэрээр гамшгаас хамгаалах, хил хамгаалалтад туслах, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцуулж болно.
30.4.Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах журмыг Засгийн газар батална.
30.5.Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн тооны дээд хязгаарыг Засгийн газар жил бүр батална.
30.6.Цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээний албанд цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр хоёроос дээш жил алба хаасан төрийн тусгай алба хаагчийг цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасанд тооцож, цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.7.Захиргааны санаачилгаар буюу өөрийн хүсэлтээр алслагдсан сум, сум дундын болон багийн эмнэлэгт эмч, сум, багийн сургуульд багшаар гурван жил ажилласан иргэн болон Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 16.1-д заасан улсын өмгөөлөгчөөр гурван жил тасралтгүй ажилласан Хууль зүйн туслалцааны төвийн хуульчийг цэргийн дүйцүүлэх албыг хаасанд тооцож, цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
30.8.Алслагдсанд тооцох сумдын жагсаалтыг Засгийн газар батална.
30.9.Энэ зүйлийн 30.6, 30.7-д заасан иргэний дүйцүүлэх алба хаасан хугацааг анх шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцож хугацаа дуусмагц цэргийн бүртгэлд авна.
31 дүгээр зүйл. Дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах
Хэвлэх
31.1.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөн төлбөрийн хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн тухайн жилийн хувьсах зардлаар тооцож Засгийн газар жил бүр батална.
31.2.Иргэн цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр оруулан хаах, төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг цэргийн штабын саналыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг дарга гаргана.
31.3.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасан иргэнийг цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэнэ.
31.4.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах болзлыг хангасан, дараахь шалтгаанаар цэргийн жинхэнэ албаны татлагад ороогүй иргэнээр уг төлбөрийг нөхөн төлүүлнэ:
31.4.1.гадаадад хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж байсан, эсхүл цагаачлан амьдарч байгаад эх орондоо эргэж ирсэн;
31.4.2.иргэний шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл завсардсан.
31.5.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаахаас дараахь үндэслэлээр чөлөөлнө:
31.5.1.энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас жил дараалан чөлөөлөгдөж хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн эрэгтэй;
31.5.2.эрүүл мэндээр тэнцэхгүйн улмаас тайван цагт цэргийн жинхэнэ алба хаахаас чөлөөлөгдсөн иргэн;
31.5.3.цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаасан иргэн.
31.6.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний төлөх төлбөрийн хэмжээ нь хуулийн дагуу цэргийн албанаас чөлөөлөгдсөн жилд харгалзуулан долоон жилд 14 хувь, зургаан жилд 28 хувь, таван жилд 32 хувь, дөрвөн жилд 46 хувь, гурван жилд 60 хувь, хоёр жилд 74 хувь, нэг жилд 88 хувь, чөлөөлөгдөж байгаагүй бол 100 хувь байна.
31.7.Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэний тоо бүртгэл хөтлөх, мөнгөн төлбөрийг төлөх, хураан авах, төлбөрийн орлогыг ашиглах журмыг Засгийн газар батална.
31.8.Цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаасан мөнгөн төлбөрийн 50 хувийг улсын, үлдэх 50 хувийг орон нутгийн төсөвт төвлөрүүлж, батлан хамгаалах үйл ажиллагаанд зарцуулна.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ЦЭРГИЙН БЭЛТГЭЛ АЛБА ТҮҮНИЙ СУРГАЛТ
32 дугаар зүйл. Цэргийн бэлтгэл алба
Хэвлэх
32.1.Цэргийн бэлтгэл албанд байгаа нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнийг цэргийн анги, салбарт цэргийн мэргэжлийн дагуу зохих албан тушаалд бүртгүүлэх, цэргийн мэргэжил олгох, давтан бэлтгэх сургалтад хамруулах, цэргийн дайчилгаатай сургуульд оролцуулах үүргийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн цэргийн штаб хүлээнэ.
32.2.Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэн цэргийн бэлтгэл албанд байх хугацаандаа цэргийн анхан шатны бэлтгэл сургалтад хамрагдах, орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд оролцох томилгоот үүргээ гүйцэтгэх бэлтгэлтэй байх үүрэг хүлээнэ.
32.3.Цэргийн бэлтгэл албанд дээд офицер 65 нас, ахлах офицер 60 нас, дунд офицер, ахлагч 55 нас, эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч 50 нас хүртэл бүртгэлтэй байна.
32.4.Цэргийн сургуулийг иргэний мэргэжлээр төгссөн боловч цэргийн мэргэжлээр дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн иргэнийг бэлтгэл офицероор бүртгэнэ.
32.5.Цэргийн бэлтгэл албанд байх нас хэтэрсэн, эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэхгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гарсан бэлтгэл үүрэгтнийг чөлөөнд гаргаж, бүртгэлээс хасна.
33 дугаар зүйл. Цэргийн бэлтгэл албаны сургалт
Хэвлэх
33.1.Цэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн болон цэрэг-техникийн бэлтгэлийг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжийн дагуу цэргийн мэргэжил олгох болон давтан бэлтгэх сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтад татан оролцуулна.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.2.Бэлтгэл офицерын болон цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний давтан бэлтгэх сургалтыг Дайчилгааны тухай хуулийн дагуу цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагын төлөвлөгөөгөөр төрлийн цэргийн командлал зохион байгуулна.
33.3.Цэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг зохион байгуулахдаа цэргийн чухал мэргэжлийн бэлтгэл офицерууд, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтыг таван жилд нэг удаа тус бүр нэг сараас доошгүй хугацаагаар явуулна.
33.4.Цэргийн нэгтгэл, ангийн байлдааны орон тоонд оногдуулан бүртгэгдсэн цэргийн бэлтгэл үүрэгтнийг энэ зүйлийн 33.3-т заасан сургалтад хамрагдсан эсэхийг харгалзахгүйгээр цэргийн дайчилгаатай хээрийн сургуульд татан оролцуулна.
33.5.Цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн, бэлтгэл офицерын цэргийн мэргэжил олгох, давтан бэлтгэх сургалт болон цэргийн дайчилгаатай сургуулиас чөлөөлөх асуудлыг цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллага шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.6.Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтнийг цэргийн анхан шатны бэлтгэл олгох сургалтад заавал хамруулна.
33.7.Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний цэргийн анхан шатны бэлтгэл олгох сургалтад хамрагдах нийт хугацаа гурван сар байна.
33.8.Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэнд цэргийн анхан шатны бэлтгэл олгох сургалтыг аймаг, нийслэлийн Засаг дарга зохион байгуулна.
33.9.Цэргийн хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтний сургалтад төрлийн цэргийн командлал дэмжлэг үзүүлнэ.
33.10.Төрийн захиргааны бүх шатны байгууллагын удирдах албан тушаалтны цэргийн бэлтгэл сургалтыг Засгийн газрын шийдвэрээр батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
33.11.Цэргийн бэлтгэл үүрэгтнийг цэргийн сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцох хугацаанд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалыг үндсэн байгууллага нь хэвээр хадгална.
33.12.Цэргийн бэлтгэл үүрэгтнийг цэргийн сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцох хугацааны цалин хөлсний дундаж хэмжээг Засгийн газрын тогтоосноор батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
33.13.Цэргийн бэлтгэл үүрэгтнийг цэргийн сургалт, цэргийн дайчилгаатай сургуульд оролцох хугацаанд ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан тохиолдолд тус байгууллагыг харьяалах дээд байгууллага, эсхүл тухайн байгууллагын үүргийг шилжүүлэн авсан байгууллага зохих ажлын байраар хангана.
33.14.Цэргийн бэлтгэл үүрэгтэн хууль тогтоомжийн дагуу цэргийн мэргэжил олгох, давтан бэлтгэх сургалт, дайчилгаатай сургууль, цугларалтын үед өвчилж, түүнийг дуустал эдгэрээгүй бол цугларалт дууссан өдрөөс эхлэн ажиллаж байсан байгууллага эрхэлсэн ажил, албан тушаалыг хэвээр хадгалж, холбогдох хууль тогтоомжийн дагуу тэтгэмж олгоно.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
33.15.Дайчилгааны бэлтгэл нөөцийн бэлтгэл үүрэгтэн цэргийн анхан шатны болон дайчилгаатай сургууль, цугларалтад оролцох үеийн цэргийн хангалтыг Дайчилгааны тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
ЦЭРГИЙН БҮРТГЭЛ
34 дүгээр зүйл. Цэргийн бүртгэл
Хэвлэх
34.1.Цэргийн бүртгэлийг аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулна.
34.2.Цэргийн бэлтгэл үүрэгтэн нь цэргийн үүрэгтний үнэмлэхтэй байна.
34.3.Цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ.
34.4.Цэрэгт бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд цэргийн бүртгэлд бүртгүүлнэ.
34.5.Цэргийн бүртгэлд дараахь иргэн хамрагдахгүй:
34.5.1.энэ хуулийн 16.1-д заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн;
34.5.2.цэргийн жинхэнэ алба хааж байгаа;
34.5.3.ял эдэлж байгаа.
34.6.Цэргийн бүртгэлд хамрагдах иргэн дараахь үүргийг хүлээнэ:
34.6.1.нутгийн захиргааны анхан шатны нэгж /баг, хороо/-ийн байранд тогтоосон хугацаанд ирж цэргийн бүртгэлд хамрагдах;
34.6.2.цэргийн үүрэгтний үнэмлэхийг хаяж, үрэгдүүлэхгүй байх, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж авах;
34.6.3.цэрэг татлагын үеэр гурван сараас дээш хугацаагаар гадаад улсад зорчих бол энэ тухайгаа мэдэгдэх;
34.6.4.өөр газар шилжин суурьших тохиолдолд тухайн оршин суугаа газрынхаа цэргийн бүртгэлээс хасуулж, шилжин очсон газраа цэргийн бүртгэлд бүртгүүлэх.
34.7.Цэргийн бүртгэл явуулах журмыг батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
АРАВДУГААР БҮЛЭГ
ОФИЦЕР, АХЛАГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ, TOO БҮРТГЭЛ, ХУВИЙН БАРИМТ БИЧИГ
35 дугаар зүйл. Хувийн хэрэг, тоо бүртгэл, хувийн баримт бичиг
Хэвлэх
35.1.Цэргийн жинхэнэ албаны офицер, ахлагчийн хувийн хэргийг цэргийн бүх шатны байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн нэгж, албан тушаалтан эрхлэн нээж, жил бүр баяжилт хийж хадгална.
35.2.Офицер, ахлагчийн хувийн хэрэг нь түүний цэргийн алба хаасан тухай болон үйл ажиллагааны үр дүн, мэргэжлийн түвшний үнэлгээ, ажил байдлын тодорхойлолт, холбогдох судалгааг багтаасан байна.
35.3.Офицер, ахлагчийн хувийн хэрэг нээгдмэгц офицер, ахлагчийн үнэмлэх олгох бөгөөд үнэмлэх нь цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг батлах үндсэн баримт бичиг болно.
35.4.Цэргийн албанаас халагдаж байгаа офицер, ахлагчийн үнэмлэхэд халагдсан тухай тэмдэглэл хийж хувийн хэрэгт нь хадгална.
35.5.Цэргийн жинхэнэ албанд эргэж орсон офицер, ахлагчид үнэмлэхийг дахин олгоно.
35.6.Бэлтгэлээр халагдсан офицер, ахлагчид бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх олгоно.
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
АЛБАН ТУШААЛТАН, ИРГЭНД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
36 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
Хэвлэх
36.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
36.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
36.3.Цэргийн албаны тухай хууль зөрчигчид торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД