card

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар
сарын 25-ны өдрийн А/256 дугаар
 тушаалын хавсралт

 

 

БАРАА НИЙЛҮҮЛЭХ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ
ТЕНДЕРИЙН АШИГЛАЛТЫН ХУГАЦААНЫ ӨРТӨГ
ТООЦОХ АРГАЧЛАЛ, ЗААВАР

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ аргачлал, зааврыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ (цаашид “хууль” гэх)-ийн дагуу бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендер үнэлэх үндсэн шалгуураар ашиглалтын хугацааны өртгийн шалгуурыг тогтоох, бараа, үйлчилгээний ашиглалтын хугацааны өртгийг тооцоход дагаж мөрдөнө.

 

1.2.Ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтад ашиглалтын хугацааны өртөг тооцоход энэ аргачлал, заавар хамаарахгүй.

 

1.3.Ашиглалтын хугацааны өртгийн шалгуураар тендерийг үнэлэх нь захиалагч худалдан авах үнэд үндэслэн шийдвэр гаргахаас татгалзаж, бараа материал, хөрөнгийн нийт ашиглалт, төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаанд гарах бодит зардлыг тооцсоны үндсэн дээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах боломж бүрдүүлнэ.

 

Хоёр.Ашиглалтын хугацааны өртгийг тендер
үнэлэх үндсэн шалгуураар тогтоох

 

2.1.Захиалагч хуулийн 11.4.2-т зааснаар ашиглалтын хугацааны өртгийг тендер үнэлэх үндсэн шалгуур байхаар тендер шалгаруулалтын баримт бичигт заахын тулд тухайн бараа, үйлчилгээний ашиглалтын хугацааны өртгийг тооцох боломжтой эсэхийг урьдчилан нягтална.

 

2.2.Техникийн тэгш бус санал ирэх магадлалтай бараа, үйлчилгээний саналыг энэ аргачлал, зааврын 2.3-т заасан хугацаанд гарах зардал болон анх худалдан авах зардлын өнөөгийн үнэ цэнд хөрвүүлсэн нийлбэрээр тооцоход хамгийн үр ашигтай байх хувилбарыг сонгоход ашиглалтын хугацааны өртгийн шалгуур тохиромжтой.

 

2.3.Тендер шалгаруулалтын баримт бичигт ашиглалтын хугацааны өртөг тооцохоор заахад тухайн бараа, үйлчилгээний үр дүнд бий болох хөрөнгийг ашиглавал зохих ашиглалтын хугацааг заана.

 

2.4.Хөрөнгийн ашиглалтын хугацааг тооцоо, судалгаанд үндэслэн тогтоох ба тодорхой тооцоо, судалгаагүй тохиолдолд дараах хувилбарыг сонгож болно. Үүнд:

 

2.4.1.барааны хувьд хууль тогтоомжид заасан элэгдэл, хорогдол тооцох хугацаа;

 

2.4.2.үйлчилгээний хувьд гэрээний үргэлжлэх хугацаа.

 

2.5.Захиалагч ашиглалтын хугацааны өртөг тооцоход баримтлах ус, цахилгаан, шатахуун, тос тослох материал, ажиллах хүч зэрэг зардлын нэгж өртгийн мэдээллийг тендер шалгаруулалт зарлах үеийн ханшаар тогтоож, тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана.

 

2.6.Ашиглалтын хугацаанд гарах зардлаас тендерийн үнэд багтсан байхаар шаардаагүй дараах төрлийн зардлаас нэг, эсхүл хэд хэдэн төрлийг сонгож тендер шалгаруулалтын баримт бичигт зааж болно. Үүнд:

 

2.6.1.өмчлөл, эзэмшилд хүлээн авах, угсралт суурилуулалт хийх, ашиглалтад хүлээлгэн өгөх зардал;

 

2.6.2.ашиглалтын хугацаан дахь үйл ажиллагааны зардал;

 

2.6.3.ашиглалтын хугацаан дахь материал, техник үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний зардал;

 

2.6.4.ашиглалтаас гаргахтай холбоотой зардлууд.

 

2.7.Захиалагч бараа, үйлчилгээний шинж чанар, төвөгшилд нийцүүлэн энэ аргачлал, зааврын 2.6-д заасан зардлын төрөлд хамаарах ямар зардал тооцохыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана. Журмын нэгдүгээр хавсралт зөвхөн туслах шинж чанартай ба захиалагчийн тогтоох зардлын төрлийг хязгаарлах үндэслэл болохгүй.

 

2.8.Оролцогчийн санал болгох хөрөнгийн ашиглалтын хугацаанд гарах зардлын мэдээллийг нотлоход шаардлагатай, үйлдвэрлэгчээс гаргасан баримт бичгийн жагсаалтыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана.

 

2.9.Бараа, үйлчилгээний үр дүнд хөрөнгийг захиалагчийн өмчлөл, эзэмшилд хүлээн авахтай холбоотой анхдагч зардлыг хуулийн 4.1.22-т заасан харьцуулах үнээр тооцно.

 

2.10.Захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт дараах мэдээллийг тусгана. Үүнд:

 

2.10.1.ашиглалтын өртөг тооцох жилийн тоо;

 

2.10.2.зардлын өнөөгийн цэвэр үнэ цэнийг тооцоход ашиглах хямдруулалтын хувь;

 

2.10.3.оролцогчийн тендерт тусгах шаардлагатай зардлын төрөл, түүний нотлоход шаардлагатай баримт бичгийн жагсаалт;

 

2.10.4.техникийн үзүүлэлт, үйл ажиллагааны, засвар үйлчилгээний, үлдэх өртгийн зардлыг тооцоолоход ашиглах хүчин зүйлс болон аргачлал.

 

2.11.Энэ аргачлал, зааврын 2.10.2-т заасан хямдруулалтын хувь хэмжээг тогтооход тендер шалгаруулалт зарлах үеийн Монголбанкны бодлогын хүүн дээр тодорхой хувь хувийг нэмж тооцож, тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана.

 

2.12.Монголбанкны бодлогын хүүн дээр нэмэх хүүгийн хэмжээг төсөл, арга хэмжээний эрсдэлд үндэслэн тогтооно.

 

Гурав.Ашиглалтын хугацааны өртөг тооцох

 

3.1.Оролцогчийн тендерт ашиглалтын хугацааны өртөг тооцоход шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг ирүүлсэн эсэхийг хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хянан үзнэ.

 

3.2.Тендерийн ашиглалтын хугацааны өртөг тооцоход шаардлагатай мэдээлэл, баримт бичгийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах бол хуулийн 25 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ.

 

3.3.Шаардлагад нийцсэн тендер бүрийн дагуу нийлүүлэх хөрөнгийн ашиглалтын хугацаанд хамаарах зардлыг энэ аргачлал, зааврын хоёрдугаар хавсралтын дагуу өнөөгийн үнэ цэнээр илэрхийлж тооцно.

 

3.4.Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийн дагуу гэрээний төлбөрийг он дамжуулан төлөх тохиолдолд тендерийн харьцуулах үнийг төлбөр төлөх онуудад хувь тэнцүүлэн хуваана.

 

3.5.Шаардлагад нийцсэн тендерүүдийн ашиглалтын хугацааны өртөг тооцсон үнийг хуулийн 27.5-д зааснаар өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.

 

-о0о-

 

“Бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендерийн
ашиглалтын хугацааны өртөг тооцох аргачлал,
заавар”-ын нэгдүгээр хавсралт

 

 

АШИГЛАЛТЫН ХУГАЦААНД ГАРЧ БОЛОХ ЗАРДЛЫН ЖИШЭЭ

 

1.  Захиалагч өмчлөл, эзэмшилд хүлээн авах, угсралт суурилуулалт хийх, ашиглалтад хүлээлгэн өгөхтэй холбоотой зардал:

 

-    Зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл;

-    Сургалт, хүний нөөц бэлтгэх;

-    Нийлүүлэлтийн цэгээс шилжүүлэх зардал;

-    Угсралт, суурилуулалт;

-    Бараа, үйлчилгээг ашиглахтай холбоотой нэмэлтээр авах зөвлөх үйлчилгээ, мэргэжилтний зардал;

-    Хууль зүйн баримт бичиг боловсруулах, бүртгэл хийлгэхтэй хууль, эрх зүйн үйлчилгээний зардал;

-    Одоогийн гүйцэтгэгч, нийлүүлэгчийг өөрчлөхтэй холбоотой дотоод шилжилтийн зардал (зардлыг тендер шалгаруулалт зарлахаас өмнө тооцсон байх).

 

2.  Ашиглалтын хугацаан дахь үйл ажиллагааны зардал:

 

-    Ажиллах хүчний зардал

-    Засвар үйлчилгээ

-    Технологийн шинэчлэл, сайжруулалт

-    Түгээлт, ложистик

-    Аюулгүй байдал, хамгаалалт

-    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

-    Түүхий эд, материал өөрчлөхтэй холбоотой зардал

-    Тээвэр, шатахуун

-    Эрчим хүчний хэрэглээ, нийлүүлэлт

-    Ус, түүхий эдийн зарцуулалт

 

3.  Ашиглалтын хугацаанд гарах материал, техник үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээний зардал:

 

-    Даатгал, татвар

-    Гэрээний удирдлага, менежментийн төлбөр, хураамж

-    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, чанарын менежментийн зардал

-    Тайлагналт

-    Захиалга, төлбөр тооцоо

-    Сэлбэг хэрэгсэл, нэмэлт тоноглол

-    Үйлчилгээний болон хяналтын дэглэм, журам

-    Тоног төхөөрөмжийг ашиглаагүй хугацааны алдагдал

 

4.  Ашиглалтаас гаргах болон устгах зардал:

 

-    Ашиглалтаас гаргах, буулгах, устгах зардал

-    Өгөгдөл шилжүүлэх, архивлах

-    Аюулгүй байдал, хамгаалалт

-    Хүний нөөц, ажиллах хүчний зардал

-    Дуудлага худалдаа хийх, зуучлагч ажиллуулах хөлс

-    Үлдэх үүрэг хариуцлагыг шилжүүлэх

-    Хөрөнгийн үлдэгдэл өртөг

-    Газар, барилгыг өөр зориулалтаар ашиглахаар нөхөн сэргээх, засварлах зардал.

 

 

-о0о-

 

 

“Бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендерийн
ашиглалтын хугацааны өртөг тооцох аргачлал,
заавар”-ын хоёрдугаар хавсралт

 

АШИГЛАЛТЫН ХУГАЦААНЫ ӨРТГИЙГ ӨНӨӨГИЙН
ҮНЭ ЦЭНД ХӨРВҮҮЛЭХ ЖИШЭЭ

 

Тендерийн дагуу нийлүүлэх хөрөнгөтэй холбоотойгоор жил бүр гарах зардлын өнөөгийн үнэ цэнийг тооцоход тухайн жилд хамаарах үржүүлэгч хувийг тооцож гаргана. Худалдан авах гэрээ байгуулах эхний жилийн үржүүлэгч хувь 1 байх ба дараагийн жилүүдийг дараах томьёоны дагуу тооцно.

 

Үржүүлэгч хувь = 1 / (1+хямдруулалтын хувь) ^жил

 

          Хямдруулалтын хувь = тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хувь

           

^жил = тухайн жилийн тоотой тэнцүү зэрэгт дэвшүүлнэ (жил 1 = 1, жил 2=2 гэх мэт)

 

Захиалагчаас тогтоосон ашиглалтын хугацаа 6 жил, хямдруулалтын хувь 10% байх тохиолдолд хоёр өөр зардал бүхий тендерийг ашиглалтын хугацааны өртгөөр харьцуулах жишээг доор үзүүлэв.

 

2 дахь жилийн үржүүлэгч хувь тодорхойлох жишээ:

 

2 дахь жилийн үржүүлэгч хувь = 1 / (1+0.1)2 = 0.83

 

 

А тендерийн ашиглалтын хугацааны өртөг тооцох жишээ

 

 

Зардлын төрөл

Нийт (сая.төг)

Жил 0

Жил 1

Жил 2

Жил 3

Жил 4

Жил 5

Жил 6

Үржүүлэгч хувь

 

1.0

0.91

0.83

0.75

0.68

0.62

0.56

1 Захиалагч өмчлөл, эзэмшилд хүлээн авах зардал

 

 

 

 

 

 

 

 

Гэрээний төлбөр

45

45

 

 

 

 

 

 

Суурилуулалт (гэрээний үнэд ороогүй бол)

5

5

 

 

 

 

 

 

2 Үйл ажиллагааны зардал

 

 

 

 

 

 

 

 

Цахилгаан зарцуулалт

14

2

2

2

2

2

2

2

3 Засвар үйлчилгээний зардал

 

 

 

 

 

 

 

 

Урсгал засвар

28

4

4

4

4

4

4

4

Төлөвлөгөөт засвар

6

 

 

6

 

 

 

 

4 Ашиглалтаас гаргах, устгах зардал

 

 

 

 

 

 

 

 

Шилжүүлэх зардал

10

 

 

 

 

 

 

10

5 Үлдэх өртгөөс орох орлого

 

 

 

 

 

 

 

 

Хаягдал төмөр

(1)

 

 

 

 

 

 

(1)*

НИЙТ

107

56

6

12

6

6

6

15

Өнөөгийн цэвэр үнэ цэн

92.12

56

5.46

9.96

4.5

4.08

3.72

8.4

* Үлдэх өртгөөс олох орлогыг сөрөг утгаар тусгасан.

 

 

Б тендерийн ашиглалтын хугацааны өртөг тооцох жишээ

 

Зардлын төрөл

Нийт (сая.төг)

Жил 0

Жил 1

Жил 2

Жил 3

Жил 4

Жил 5

Жил 6

Үржүүлэгч хувь

 

1.0

0.91

0.83

0.75

0.68

0.62

0.56

1 Захиалагч өмчлөл, эзэмшилд хүлээн авах зардал

 

 

 

 

 

 

 

 

Гэрээний төлбөр

58

58

 

 

 

 

 

 

Суурилуулалт (гэрээний үнэд ороогүй бол)

10

10

 

 

 

 

 

 

2 Үйл ажиллагааны зардал

 

 

 

 

 

 

 

 

Цахилгаан зарцуулалт

7

1

1

1

1

1

1

1

3 Засвар үйлчилгээний зардал

 

 

 

 

 

 

 

 

Урсгал засвар

14

2

2

2

2

2

2

2

Төлөвлөгөөт засвар

3

 

 

3

 

 

 

 

4 Ашиглалтаас гаргах, устгах зардал

 

 

 

 

 

 

 

 

Шилжүүлэх зардал

5

 

 

 

 

 

 

5

5 Үлдэх өртгөөс орох орлого

 

 

 

 

 

 

 

 

Хаягдал төмөр

(1)

 

 

 

 

 

 

(1)*

НИЙТ

96

71

3

6

3

3

3

7

Өнөөгийн цэвэр үнэ цэн

88.78

71

2.73

4.98

2.25

2.04

1.86

3.92

* Үлдэх өртгөөс олох орлогыг сөрөг утгаар тусгасан.

 

Дээрх хүснэгтийн дагуу А тендерийн анхны худалдан авах зардал Б тендерээс бага боловч ашиглалтын хугацаанд гаргах зардлын хувьд Б тендер хамгийн сайн тендер байна.

 

 

-о0о-

 

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар
сарын 25-ны өдрийн А/249 дүгээр
 тушаалын хавсралт

 

 

БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, МЭДЭЭЛЛИЙГ

БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Энэ журмын зорилго нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн дагуу худалдан авах ажиллагааны цахим систем (цаашид “цахим систем” гэх)-д захиалагч, худалдан авах ажиллагаанд оролцох аж ахуй эрхлэгч эрхлэгч (цаашид “аж ахуй эрхлэгч” гэх), худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан, бараа, ажил, үйлчилгээний каталогийн бүртгэлийг хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлж баталгаажуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

1.2.Цахим системд бүртгэгдсэн мэдээллийн сангийн үйл ажиллагаанд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан нийтийн мэдээллийн үйл ажиллагааны зарчмыг баримтална.

 

1.3.Цахим системд бүртгэгдсэн мэдээлэлд өөрчлөлт орох тухай бүр бүртгүүлсэн этгээд шинэчлэх үүрэгтэй ба мэдээллийн үнэн зөвийг хариуцна.

 

1.4.Худалдан авах ажиллагаанд оролцох аж ахуй эрхлэгч цахим систем дэх өөрийн бүртгэлийн мэдээллийг хуурамчаар үйлдсэн нь хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлт гаргах үндэслэл болно.

 

Хоёр.Захиалагчийг бүртгэх

 

2.1.Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага (цаашид “мэргэжлийн байгууллага” гэх) захиалагчийг цахим системд бүртгэснээр захиалагч цахим системд хандаж, худалдан авах ажиллагаа зохион байгуулна.

 

2.2.Захиалагч цахим системд бүртгүүлж, хувийн нууцлалын код авах хүсэлтийг албан бичгээр дараах мэдээллийн хамт цахим системээр гаргана. Үүнд:

 

2.2.1.байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

 

2.2.2.хариуцан ажиллах ажилтан/албан тушаалтны эцэг/эхийн нэр, өөрийн нэр, албан тушаал, холбогдох утасны дугаар, цахим шуудангийн хаяг;

 

2.2.3.цахим системээр тендер илгээхэд төлөх үйлчилгээний хураамж шилжүүлэх Төрийн сангийн дансны мэдээлэл.

 

2.3.Мэргэжлийн байгууллага захиалагчийн хүсэлтийг хянан, шаардлага хангасан бол ажлын гурван өдөрт багтаан цахим системд бүртгэж, нэвтрэх эрх, хувийн нууцлалын кодыг бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар хүргүүлнэ.

 

2.4.Энэ журмын 2.2-т заасан хүсэлтийг захиалагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс гаргаагүй бол итгэмжлэл ирүүлэх хүртэл хугацаагаар мэргэжлийн байгууллага бүртгэлийг түдгэлзүүлнэ.

2.5.Захиалагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн цахим системд үйлдэл хийх, баталгаажуулах эрхийг энэ журмын 2.3-т заасан бүртгэлийн дараа захиалагчийн хүсэлтэд үндэслэн үүсгэнэ.

 

2.6.Захиалагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч тоон гарын үсэгтэй бол цахим системд үйлдэл хийх, баталгаажуулахад тоон гарын үсгийг ашиглаж болно.

 

2.7.Энэ журмын 2.2, 2.5-д заасан мэдээлэл өөрчлөгдөх тухай бүр захиалагч холбогдох мэдээллийг шинэчлэх хүсэлтийг албан бичгээр цахим системээр гаргана.

 

2.8.Энэ журмын 2.2, 2.5-д заасан цахим системд бүртгэлтэй мэдээллийг тухай бүр шинэчлээгүйн улмаас үүсэх, эсхүл захиалагчийг төлөөлөн цахим системд нэвтрэх эрх авсан ажилтан/албан тушаалтны аливаа үйлдэл, эс үйлдэхүйн үр дагавар, хариуцлагыг захиалагч бүрэн хариуцна.

 

Гурав.Худалдан авах ажиллагаанд оролцох
аж ахуй эрхлэгчийг бүртгэх

 

3.1.Мэргэжлийн байгууллага аж ахуй эрхлэгчийг цахим системд бүртгэснээр аж ахуй эрхлэгч цахим системд хандаж, худалдан авах ажиллагаанд оролцоно.

 

3.2.Аж ахуй эрхлэгч цахим системд бүртгүүлэхээс өмнө цахим системд холбогдсон, Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.1-д заасан гэрчилгээжүүлэх байгууллагаас тоон гарын үсэг авсан байна.

 

3.3.Аж ахуй эрхлэгч цахим системд бүртгүүлж, нэвтрэх нэр авах хүсэлтийг албан бичгээр дараах мэдээллийн хамт цахим системд тоон гарын үсгээр баталгаажуулан хүргүүлнэ. Үүнд:

 

3.3.1.байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэн бол иргэний үнэмлэх/-ний хуулбар;

 

3.3.2.зөвшөөрөл, эсхүл гэрчилгээний мэдээлэл;

 

3.3.3.аж ахуй эрхлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээдийн мэдээлэл, хариуцан ажиллах ажилтны эцэг/эхийн нэр, өөрийн нэр, албан тушаал, холбогдох утасны дугаар, цахим шуудангийн хаяг;

 

3.3.4.цахим системийн холбогдох талбарт шаардсан бусад мэдээлэл.

 

3.4.Энэ журмын 3.3.1, 3.3.2-т заасан баримт бичгийг Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан төрийн мэдээлэл солилцооны системээс шалгах боломжтой бол аж ахуй эрхлэгч энэ журмын 3.3-т заасан хүсэлтэд түүний мэдээлэлд нэвтэрч, шалгах зөвшөөрлийг олгосон байна.

 

3.5.Мэргэжлийн байгууллага аж ахуй эрхлэгчийн хүсэлтийг хянан, шаардлага хангасан бол ажлын гурван өдөрт багтаан цахим системд бүртгэж, нэвтрэх эрх, хувийн нууцлалын кодыг бүртгэлтэй цахим шуудангийн хаягаар хүргүүлнэ.

 

3.6.Энэ журмын 3.3-т заасан хүсэлтийг аж ахуй эрхлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс гаргаагүй бол итгэмжлэл ирүүлэх хүртэл хугацаагаар мэргэжлийн байгууллага бүртгэлийг түдгэлзүүлнэ.

 

3.7.Мэргэжлийн байгууллага энэ журмын 3.3-д заасны дагуу ирүүлсэн аж ахуй эрхлэгчийн мэдээлэл зөрүүтэй, дутуу, буруу, худал тохиолдолд бүртгэхээс татгалзах эрхтэй.

 

3.8.Аж ахуй эрхлэгч цахим систем дэх энэ журмын 3.3-т заасан мэдээллийн үнэн зөвийг хариуцах бөгөөд зөрүүтэй бүртгэгдсэн мэдээллийг залруулах, эсхүл шинэчлэх хүсэлтийг тухай бүр мэргэжлийн байгууллагад цахим системээр гаргана.

 

Дөрөв.Худалдан авах ажиллагаанд оролцох

аж ахуй эрхлэгчийн чадавх, туршлагын

мэдээллийг бүртгэх

 

4.1.Аж ахуй эрхлэгч хуульд заасан санхүүгийн болон техникийн чадавх, туршлагыг хангасныг нотлох дараах мэдээлэл, баримт бичгийг цахим системд бүртгүүлнэ. Үүнд:

 

4.1.1.харилцагч банкны мэдэгдэл;

 

4.1.2.сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу гаргасан санхүүгийн тайлан;

 

4.1.3.сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд оролцогчийн хэрэгжүүлсэн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын мэдээлэл.

 

4.1.4.ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт;

 

4.1.5.бараа нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтын хувьд нийлүүлсэн бараа, үзүүлсэн үйлчилгээний жагсаалт, тэдгээрээс ижил төстэй бараа, үйлчилгээний өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт;

 

4.1.6.гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцах ажилтны нэр, боловсрол, мэргэжлийн ур чадварын мэдээлэл;

 

4.1.7.гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой машин механизм, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн байрны мэдээлэл;

 

4.1.8.гэрээний үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай зөвшөөрөл, эсхүл гэрчилгээ;

 

4.1.9.бусад шаардлагатай мэдээлэл.

 

4.2.Аж ахуй эрхлэгч энэ журмын 4.1-д заасны дагуу бүртгүүлэх мэдээлэл, баримт бичгийг мэргэжлийн байгууллагад цахим системээр хүргүүлнэ. Мэдээлэл, баримт бичиг гадаад хэлээр бол монгол хэлээр орчуулсан орчуулгыг хавсаргасан байна.

 

4.3.Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасны дагуу нийтэд нээлттэй мэдээллийг бүртгүүлэх шаардлагагүй. Тус мэдээлэл нийтэд нээлттэй байна.

 

4.4.Аж ахуй эрхлэгч энэ журмын 4.1-д заасны дагуу бүртгүүлсэн мэдээлэл өөрчлөгдсөн тухай бүр цахим системээр шинэчлэх үүрэгтэй.

 

4.5.Энэ журмын 4.4-т заасны дагуу шинэчлээгүй мэдээллийн улмаас аж ахуйн эрхлэгчийн илгээсэн тендерээс захиалагч татгалзсан бол хариуцлагыг аж ахуй эрхлэгч бүрэн хариуцна.

 

Тав.Бараа, ажил, үйлчилгээний каталогийг бүртгэх

 

5.1.Аж ахуй эрхлэгч өөрийн эрхэлдэг үйл ажиллагааны хүрээнд тендер шалгаруулалтад санал болгох боломжтой бараа, ажил, үйлчилгээний дараах мэдээллийг цахим системд бүртгүүлнэ. Үүнд:

 

5.1.1.бараа ажил, үйлчилгээний шинж чанар, зориулалт;

 

5.1.2.барааны тэмдэг, зураг;

 

5.1.3.нэр, хэлбэр маяг, төрөл;

 

5.1.4.гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч;

 

5.1.5.бусад шаардлагатай мэдээлэл.

 

5.2.Энэ журмын 5.1-д заасан мэдээллийн бүртгэлд Нэгдсэн Үндэстний Байгууллагын стандарт бараа, үйлчилгээний код (UNSPS)-д үндэслэсэн мэргэжлийн байгууллагаас тогтоосон ангиллын кодыг баримтална.

 

5.3.Аж ахуй эрхлэгч энэ журмын 5.1-д заасны дагуу бүртгүүлсэн мэдээлэл өөрчлөгдсөн тухай бүр шинэчлэх үүрэгтэй.

 

5.4.Энэ журмын 5.3-т заасны дагуу шинэчлээгүй мэдээллийн улмаас аж ахуйн эрхлэгчийн илгээсэн тендерээс захиалагч татгалзсан бол хариуцлагыг аж ахуй эрхлэгч бүрэн хариуцна.

 

5.5.Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан худалдан авах бараа, ажил, үйлчилгээний каталогийг цахим системд үүсгэж болно. Энэ тохиолдолд энэ журмын 5.2-т заасан ангиллын кодыг баримтална.

 

Зургаа.Худалдан авах ажиллагааны
мэргэшсэн ажилтныг бүртгэх

 

6.1.Худалдан авах ажиллагааны чиглэлээр сургалтад хамрагдаж, холбогдох журамд заасан шалгалтад тэнцсэн бол худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан (цаашид “мэргэшсэн ажилтан” гэх)-ны бүртгэлд бүртгэгдэнэ.

 

6.2.Энэ журмын 6.1-д заасан шалгалтад тэнцсэн этгээд ажлын гурван өдрийн дотор цахим системд нэвтэрч, мэргэшсэн ажилтны бүртгэлд бүртгүүлнэ.

 

6.3.Энэ журмын 6.1-д заасан шалгалтад тэнцсэн этгээд иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл бол түүнийг тус байгууллагыг төлөөлөн худалдан авах ажиллагаанд оролцохыг зөвшөөрсөн байх бөгөөд цахим системд аль байгууллагын төлөөлөл болохыг тэмдэглэсэн байна.

 

6.4.Мэргэшсэн ажилтны энэ журмын 6.2-т заасан мэдээлэл өөрчлөгдсөн бол ажлын гурван өдрийн дотор холбогдох мэдээллийг шинэчилнэ.

 

6.5.Мэргэжлийн байгууллага хараат бус гишүүнээр ажиллах мэргэшсэн ажилтны бүртгэлийг төлөөлж буй иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын үйл ажиллагааны чиглэл, эсхүл мэргэшсэн ажилтны мэргэжил, мэргэшлийн чиглэлээр цахим системд жагсаалт үүсгэн байршуулна.

 

Долоо.Мэдээллийг баталгаажуулж, бүртгэх

 

7.1.Мэргэжлийн байгууллага энэ журмын 4.1, 5.1, 6.2-т заасны дагуу бүртгүүлэхээр илгээсэн аж ахуй эрхлэгч, эсхүл мэргэшсэн ажилтны мэдээлэл, баримт бичгийг хянан, шаардлагад нийцсэн гэж үзвэл ажлын гурван өдрийн дотор цахим системд бүртгэнэ.

 

7.2.Энэ журмын 4.1, 5.1-д заасны дагуу бүртгүүлэхээр илгээсэн аж ахуй эрхлэгчийн мэдээлэл, баримт бичгийг төрийн эрх бүхий байгууллага, захиалагч баталгаажуулах шаардлагатай бол мэргэжлийн байгууллага төрийн эрх бүхий байгууллага, захиалагч баталгаажуулснаас хойш ажлын гурван өдрийн дотор цахим системд бүртгэнэ.

 

7.3.Мэргэжлийн байгууллага энэ журмын 7.1-д заасан мэдээллийг бүртгэхэд холбогдох салбарын мэргэжлийн холбоотой хамтран ажиллаж болно.

 

7.4.Энэ журмын 4.1, 5.1-д заасны дагуу бүртгүүлэхээр илгээсэн аж ахуй эрхлэгчийн мэдээлэл, баримт бичгийг баталгаажуулахад эх хувийг шаардаж болно. Мэдээлэл, баримт бичгийг баталгаажуулахад ашигласан эх хувийг аж ахуй эрхлэгчид буцаан олгоно.

 

7.5.Мэргэжлийн байгууллага энэ журмын 4.1, 5.1-д заасны дагуу ирүүлсэн аж ахуй эрхлэгчийн мэдээлэл зөрүүтэй, дутуу, буруу, худал, эсхүл энэ журмын 7.2-т заасан төрийн эрх бүхий байгууллага, захиалагч баталгаажуулаагүй бол бүртгэхээс татгалзана.

 

7.6.Энэ журмын 4.4, 5.3-т заасны дагуу аж ахуй эрхлэгчээс гаргасан мэдээлэл шинэчлэх тухай хүсэлтийг мэргэжлийн байгууллага хянан, шаардлага хангасан бол хүсэлт гаргаснаас хойш ажлын гурван өдөрт багтаан цахим системд өөрчлөлтийг бүртгэнэ.

 

7.7.Энэ журмын 2.7, 3.8-д заасан хүсэлтэд холбогдох өөрчлөлтийг мэргэжлийн байгууллага ажлын гурван өдрийн дотор бүртгэнэ.

 

Найм.Бусад зүйл

 

8.1.Цахим системд бүртгэгдсэн мэдээллийн сангийн мэдээллийг хууль тогтоомжид зааснаас бусад зорилгоор ашиглахыг хориглоно.

 

8.2.Мэргэжлийн байгууллага мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.

 

8.3.Энэ журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---оОо---

 

Сангийн сайдын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн А/118 дугаар тушаалын хавсралт

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫГ УРЬДЧИЛАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид "хууль" гэх)-ийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авах нээлттэй тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2.Хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан олон улсын гэрээний заалтын дагуу холбогдох олон улсын байгууллагын журамд үндэслэн зохион байгуулах нээлттэй тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулахад энэ журмыг баримтална.

Хоёр.Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх

2.1.Энэ журмын дагуу зээл, тусламжийн хөрөнгөөр зохион байгуулагдах тендер шалгаруулалтыг дараах нөхцөлийн аль нэг хангагдсан тохиолдолд урьдчилан зохион байгуулж болно. Үүнд:

2.1.1.Зээлийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалтыг Санхүүжилтийн хэлэлцээрийг Улсын Их Хурал соёрхон батлахаас өмнө урьдчилан зохион байгуулах тохиолдолд Олон улсын гэрээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн дагуу Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлуулахаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна.

2.1.2.Зээлийн хөрөнгөөр хэрэгжих төсөл, арга хэмжээний бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалтыг Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр нь УИХ-аар соёрхон батлагдан хүчин төгөлдөр болсон ч Тусгайлсан зээлийн гэрээ нь байгуулагдаагүй байхад урьдчилан зохион байгуулах тохиолдолд Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг Засгийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн байна.

2.1.3.Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас тусламж авахтай холбоотой гэрээ хэлэлцээрийг Засгийн газар баталснаар хүчин төгөлдөр болох нөхцөлтэй бол тусламжийн гэрээ хэлэлцээрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн байна.

2.2.Төсөл хэрэгжүүлэх нэгж, эсхүл төсвийн ерөнхийлөн захирагч энэ журмын дагуу тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах бол эрх бүхий этгээд шийдвэр гаргаж, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгана.

2.3.Захиалагч энэ журмын 2.2-т заасан төлөвлөгөөг хийхэд дараах нөхцөлийг хангасан байхыг шаардана.

2.3.1.гадаадын зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ нь Өрийн удирдлагын тухай хуульд заасан шаардлагад нийцсэн байх;

2.3.2.төсөл хэрэгжүүлэгч болон зээлдүүлэгч төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч сонгох тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах нөхцөлийг харилцан тохиролцож баталгаажуулсан байх;

2.3.3.тендер шалгаруулалт урьдчилан зохион байгуулахтай холбоотой бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолт боловсруулж баталсан, бусад бэлтгэл бүрэн хангагдсан байх.

2.4.Энэ журмын 2.2-т заасан төлөвлөгөө батлагдсан бол төсөл хэрэгжүүлэх нэгж, эсхүл төсвийн ерөнхийлөн захирагч уг төлөвлөгөө болон  энэ журамд заасан нөхцөл хангагдсан тухай нотлох баримтын хамт Сангийн яаманд хүргүүлнэ.

2.5.Сангийн яамны зээл, тусламжийн хэрэгжилтийн асуудал хариуцсан нэгж тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах шийдвэр, төлөвлөгөөг хүлээн авч, энэ журмын 2.1-д заасан нөхцөл шаардлага хангагдсан гэж үзвэл тендер шалгаруулалт зарлах тухай хариуг захиалагчид хүргүүлнэ.

2.6.Сангийн яамнаас энэ журмын 2.5-д заасан хариу ирүүлээгүй, эсхүл тендер шалгаруулалт урьдчилан зохион байгуулах шаардлага хангахгүй тухай хариу хүлээн авсан бол захиалагч тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах эрх үүсэхгүй ба худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд холбогдох өөрчлөлт оруулна.

2.7.Энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүсэхээс өмнө тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулахгүй.

Гурав.Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулах

3.1.Энэ журмын 1.2-т заасан олон улсын байгууллагын журамд тусгайлан зааснаас бусад тохиолдолд тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулахтай холбоотой үнэлгээний хороо байгуулах, зарлал нийтлэхэд хуульд заасан журмыг баримтална.

3.2.Тухайн олон улсын гэрээний заалтыг үндэслэн холбогдох төсөл хариуцсан нэгж, төсвийн ерөнхийлөн захирагч шаардлагатай гэж үзвэл тендер шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаар зохион байгуулах тухай хүсэлт гаргаж болно.

3.3.Захиалагч тендер шалгаруулалтын баримт бичигт тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулахтай холбоотой дараах нөхцөлийг тусгасан байна:

3.3.1.тендер шалгаруулалтыг санхүүжилтийн эх үүсвэр батлагдахаас өмнө урьдчилан зохион байгуулж байгаа тухай тодорхой заах;

3.3.2.оролцогч тендерийн хүчинтэй байх хугацааг төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр батлагдах хүртэл хугацаанд хүчинтэй байхаар заах;

3.3.3.төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр бүрэн батлагдах хүртэл гэрээ байгуулахыг хуулийн 30 дугаар зүйлийн 30.7 дахь хэсэгт зааснаар хориглох ба оролцогч нь гэрээ байгуулаагүйтэй холбоотой аливаа зүйлийг шаардах эрхгүй болохыг хүлээн зөвшөөрсөн байх;

3.4.Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулахдаа тендерийн баталгааг Сангийн сайдын баталсан Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журамд нийцүүлэн гаргана.

3.5.Гэрээ байгуулах эрх авсан оролцогч захиалагчаас төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр бүрэн батлагдсан бөгөөд хүчин төгөлдөр болсон тухай мэдэгдлийг хүлээн авсан бол тогтоосон хугацааны дотор гүйцэтгэлийн баталгааг ирүүлж, гэрээнд гарын үсэг зурна.

3.6.Төсөл, арга хэмжээний санхүүжилтийн эх үүсвэр батлагдаагүй, эсхүл төсөвт өртгийг өөрчилж баталснаас урьдчилан зохион байгуулсан тендер шалгаруулалтын үр дүнгээр гэрээ байгуулах боломжгүй болсон, эсхүл хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт заасан нөхцөл үүссэн тохиолдолд урьдчилан зохион байгуулсан тендер шалгаруулалт, түүний үр дүнг хүчингүйд тооцож, энэ тухай гэрээ байгуулах эрх авсан оролцогчид мэдэгдэнэ.

3.7.Хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасан тендерээс татгалзах тухай мэдэгдэл хүлээн авсан оролцогч Сангийн сайдын баталсан Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журамд зааснаар тендерийн баталгааг цуцлуулах хүсэлт гаргаж болно.

--- о0о ---

 

 

 

 

 

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар
сарын 25-ны өдрийн А/255 дугаар
 тушаалын хавсралт

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН ЯАМ

 

 

 

 

 

 

 

ТЕНДЕР ҮНЭЛЭХ, ДАВУУ ЭРХ ОЛГОХ АРГАЧЛАЛ, ЗААВАР

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 он

 

 

 

АГУУЛГА

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.ТЕНДЕР ХЯНАН ҮЗЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ.. 1

Нэг.Нийтлэг үндэслэл. 1

Хоёр.Тендер нээх. 1

Гурав.Тендерийн баталгаажуулалтыг хянан үзэх. 2

Дөрөв.Оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлах. 2

Тав.Бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод  нийцсэн эсэхийг хянан үзэх. 3

Зургаа.Оролцогчийн чадавхыг хянан үзэх. 3

ХОЁРДУГААР БҮЛЭГ.ТЕНДЕРИЙН ХАРЬЦУУЛАХ ҮНЭ ТОДОРХОЙЛОХ, ДАВУУ ЭРХ ОЛГОХ. 4

Долоо.Арифметик алдаа залруулах, үнийн хөнгөлөлт тооцох. 4

Найм.Дотоодын бараа нийлүүлэх тендерт давуу эрх олгох. 5

Ес.Ажил гүйцэтгэх тендерт давуу эрх олгох. 6

Арав.Тендерийг харьцуулах. 6

Маягт 1   Тендерийн нээлтэд зарлагдах мэдээлэл. 9

Маягт 2   Оролцогчийн тендерийг хянан үзэх тэмдэглэлийн маягт. 10

Маягт 3   Санал болгосон бараа, ажил, үйлчилгээ шаардлага хангах эсэхийг хянан үзсэн тэмдэглэл. 12

Маягт 4   Бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх голлох нөхцөл нь шаардлага хангах эсэхийг хянан үзсэн тэмдэглэл. 13

Маягт 5   Тендерийн үнэ тодорхойлох хүснэгт. 14

Маягт 6   Тендерт олгох давуу эрх тооцоолох маягт. 15

Маягт 7   Нэмэлт тохируулга хийх хүснэгт. 16

Хамгийн сайн тендерийн мэдээлэл. 16

Маягт 8   Хуулийн 28.1.1-д заасан шийдвэрийн загвар. 17

Маягт 9   Хуулийн 28.1.2-т заасан шийдвэрийн загвар. 18

Маягт 10  Хуулийн 28.1.3-т заасан шийдвэрийн загвар. 19

 

ТЕНДЕР ҮНЭЛЭХ, ДАВУУ ЭРХ
ОЛГОХ АРГАЧЛАЛ, ЗААВАР

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ.ТЕНДЕР ХЯНАН
ҮЗЭХ НИЙТЛЭГ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ (цаашид “хууль” гэх)-ийн гуравдугаар бүлэгт зааснаар тендер хянан үзэх, үнэлэхтэй холбоотой нарийвчилсан харилцаанд энэ аргачлал, зааврыг баримтална.

1.2.Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө холбогдох журмын дагуу ирүүлсэн тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага нийцэх эсэхийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендерийг үнэлнэ.

1.3.Тендерийг хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хянан үзэхэд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан иж бүрдэл, холбогдох мэдээллийн сангаас илгээсэн мэдээлэл, оролцогч болон түүний тендерийн талаар авсан тайлбар, тодруулга, нийлүүлэх барааны жишээ загвар, дээжийг үндэслэнэ.

1.4.Хуулийн 25.1-д заасан үндэслэлээр оролцогчоос бичгээр тодруулга авах, тендерт ирүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг эрх бүхий байгууллагаас нягтлах шаардлагатай тохиолдолд хүсэлтийг түргэн шуурхай хүргүүлж, зохион байгуулна.

1.5.Тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар оролцогч тендерийн нээлтээс өмнө холбогдох мэдээллийн сангаас татаж хүргүүлэхээс бусад мэдээллийг захиалагч тендерийн нээлтээс хойш татаж авахад ижил цаг хугацаанд татан авч хянан үзэх зарчмыг баримтлах нь зүйтэй. Цахим систем болон бусад мэдээллийн баазын ажиллагаанаас шалтгаантай бол өөр өдөр татан авч болно.

1.6.Захиалагч тендер шалгаруулалтыг хуулийн хугацаанд багтаан хурдан шуурхай зохион байгуулахын тулд тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг тендер нээсэн өдөрт нь багтаан эхлүүлж, ажлын таван өдрийн дотор дуусгавар болгох зарчмыг баримтална.

Хоёр.Тендер нээх

2.1.Захиалагч хуулийн 23.1 дэх хэсэгт зааснаар тендер нээхэд энэ аргачлал, зааврын Маягт 1-д заасан мэдээллийг цахим системээр зарлана.

2.2.Тендерийн баталгаа шаардсан тендер шалгаруулалтад хуулийн 23.3-т заасан нөхцөл үүссэн тохиолдолд тухайн тендерийг нээхээс татгалзаж, энэ тухай цахим системээр мэдэгдэнэ.

2.3.Гадаад улсын банкнаас гаргасан тендерийн баталгааны мэдээллийг “Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам”-д заасны дагуу цахим систем дэх мэдээлэлд үндэслэн тендер нээх эсэхийг шийдвэрлэнэ.

2.4.Захиалагч энэ аргачлал, зааврын 2.3-т заасан баталгааны эх хувийг цахим системээр илгээсэн мэдээллээс зөрүүтэй эсэхийг хянан үзнэ.

2.5.Энэ аргачлал, зааврын 2.2, 2.3, 2.4-т зааснаар тендер нээхээс татгалзсан аж ахуй эрхлэгчийг тус тендер шалгаруулалт, эсхүл багцын оролцогч гэж үзэхгүй ба захиалагч хуулийн 28.1-д заасан шийдвэр гаргахгүй.

          2.6.Тендерийг хуулийн 26.4-т заасныг баримтлан хянан үзэх тэмдэглэлийг Маягт 2-ын дагуу хөтөлнө.

Гурав.Тендерийн баталгаажуулалт

3.1.Хуулийн 9.4-т заасны дагуу баталсан журамд өөрөөр заагаагүй бол оролцогчийн эрх бүхий этгээдийн тоон гарын үсгээр баталгаажуулсан тендерийг цахим системээр илгээсэн нь гарын үсэг зурах, хуулийн этгээдийн тамга, тэмдгээр баталгаажуулах шаардлагад нийцсэн гэж үзнэ.

3.2.Захиалагч Монгол Улсын хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нээлттэй мэдээлэлд, гадаадын этгээдийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ, түүнтэй адилтгах баримт бичгийн мэдээлэлд үндэслэн тогтооно.

3.3.Тендерийг хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, эсхүл түүнээс эрх олгогдсон этгээд тоон гарын үсгээр баталгаажуулсан эсэхийг хянан үзнэ. Тендерийн маягтуудыг нэг бүрчлэн баталгаажуулахыг шаардахгүй.

3.4.Тендерт итгэмжлэлээр эрх олгосон, эсхүл цахим системд бүртгүүлсэн бүртгэлээр тухайн этгээдийг цахим системд бүрэн төлөөлөх эрх олгогдсон этгээд тендерийг баталгаажуулсан нь энэ журмын 3.3-т заасан шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл болно.

Дөрөв.Оролцогчийн ерөнхий шаардлага

4.1.Оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлахад хуулийн 26.2-т заасныг баримтална.

4.2.Оролцогчийг ерөнхий шаардлага хангах эсэхийг магадлах баримт бичиг, мэдээллийн хүрээг хуулийн 26.2-т заасан тул оролцогч ерөнхий шаардлагыг хангахгүй гэж үзэх бодитой үндэслэл байгаагаас бусад тохиолдолд тухайн баримт бичиг, мэдээллээс өөр эх үүсвэрээс баримт шаардах, тодруулах ажиллагаа явуулахгүй.

4.3.Оролцогч ерөнхий нөхцөл хангах тухай мэдэгдэлд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тохиолдолд захиалагч эрх бүхий байгууллагаас тодруулах ба хуулийн 7.1.3, 7.1.6, 7.1.7, 7.1.9-д заасан нөхцөлийн талаар худал мэдүүлсэн тендер ирүүлсэн этгээдийн талаар мэдээллийг холбогдох журмын дагуу худалдан авах ажиллагааны улсын байцаагчид хүргүүлнэ.

4.4.Монгол Улсын хуулийн этгээд хуулийн 7.1.2-т заасан нөхцөл байгаа эсэхийг магадлахдаа цахим системээс татсан дараах мэдээллийг үндэслэл болгоно:

4.4.1.өр төлбөр төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын;

4.4.2.татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтэрсэн өргүй тухай татвар, нийгмийн даатгалын байгууллагын.

4.5.Түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгч тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхийг  цахим системээс шалгах ба эдгээрийн аль нэг нь жагсаалтад бүртгэсэн хугацаа дуусаагүй бол шаардлагад нийцэхгүй гэж үзнэ.

Тав.Бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолт

5.1.Захиалагч оролцогчийн тендерт санал болгож буй бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцэх эсэхийг Маягт 3-ын дагуу, бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэрээний голлох нөхцөлийг Маягт 4-ийн дагуу хүснэгт үйлдэж хянан үзнэ.

5.2.Хуулийн 13.1-д зааснаар шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн тухай нотлох баримт ирүүлэхийг шаардах тохиолдолд тухайн бие даасан этгээдэд хүссэн сонирхогч этгээд загвар, дээж хүргүүлж шалгалт, туршилт хийлгэх боломжтой эсэхийг урьдчилан тогтоосон байвал зохино.

5.3.Тендер хүлээн авах эцсийн хугацаанд багтаан энэ аргачлал, зааврын 5.2-т засан эрх бүхий бие даасан этгээдээр шалгалт, туршилт хийлгэх боломжгүй тухай  хүндэтгэн үзэх шалтгаантай байсан оролцогч тухайн шалгалт, туршилтын шаардлагыг бүрэн хангах тухай бусад нотлох баримт ирүүлсэн бол хянан үзнэ.

5.4.Тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар ирүүлсэн загвар, дээжийг тэмдэглэл үйлдэж хүлээн авах ба шалгалт, туршилтыг тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар зохион байгуулна.

5.5.Хуулийн 13.4-т зааснаар баримтжуулсан гэрэл зураг, дүрс бичлэгийг цахим хэлбэрээр тусгай тээгч (зөөврийн хатуу диск, оптик диск) дээр хуулж, тендер шалгаруулалтын хувийн хэрэгт хадгална.

5.6.Захиалагч хуулийн 26.7-д заасан зөрүүг өрсөлдөөнд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж хянан үзэж хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд, үнэлгээний хороогүй тохиолдолд захиалагчийн шийдвэрт тодорхой тусгасан байна.

Зургаа.Оролцогчийн чадавх, туршлага

6.1.Тендер шалгаруулалтын баримт бичигт хуулийн 16.2.1-д үндэслэн “харилцагч банкны мэдэгдэл” ирүүлэхийг шаардсан бол дараах баримт бичгийг хянан үзнэ:

6.1.1.зээлийн мэдээллийг Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.5-д заасан зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс цахимаар ирүүлсэн лавлагаа (тодорхойлолт);

6.1.2.банкны данс, түүний үлдэгдлийн мэдээллийг харилцагч банкны лавлагаа (тодорхойлолт).

6.2.Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй.

6.3.Энэ аргачлал, зааврын 6.1.1-д заасан лавлагааны дагуу зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байх нь шаардлагад нийцэхгүй гэж үзэх шууд үндэслэл болохгүй ба гэрээний үүргийн гүйцэтгэлд үзүүлэх сөрөг нөлөөг хянан үзнэ.

6.4.Захиалагч оролцогчийн нийлүүлэх бараа нь оролцогчийн өмчлөл, эзэмшилд бэлэн байгаа тохиолдолд түргэн хөрвөх чадварын шаардлагыг ялгаатай байхаар зохицуулсан бол бараа, материалын бэлэн байдлыг хөдөлшгүй нотлох баримтыг шаардана.

6.5.Монгол Улсын хуулийн этгээдийн санхүүгийн тайлангийн мэдээллийг хянан үзэхэд холбогдох хууль тогтоомжийн дагуу тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тайлагнасан байвал зохих санхүүгийн тайлангийн үзүүлэлтийг харгалзан үзнэ.

6.6.Санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтийг хянан үзэхэд аудитлагдсан тайлан нь холбогдох мэдээллийн баазаас дамжуулсан санхүүгийн тайлангийн мэдээллээс илтэд зөрүүтэй бол энэ зөрүүг нягтлах шаардлагатай.

ХОЁРДУГААР БҮЛЭГ.ТЕНДЕР ҮНЭЛЭХ

Долоо.Тендерийн харьцуулах үнийг тодорхойлох

7.1.Хуулийн 27.2-т заасныг үндэслэн тендерийн харьцуулах тендерийн үнийг тогтоохын тулд тендерийн нээлтэд зарлагдсан үнэ нь тендер шалгаруулалтын баримт бичгийн холбогдох маягтын дагуу үйлдсэн үнийн задаргааны нийлбэртэй тэнцүү эсэхийг нягтална.

7.2.Энэ аргачлал, зааврын 7.1-д заасан маягтын үнийн задаргааны нийлбэр нь арифметик алдаагүй боловч тендер илгээх маягтын үнээс зөрүүтэй бол үнийн задаргааны нийт нийлбэрийг тендерийн нээлтэд зарлагдсан үнэ болгож залруулна.

7.3.Тендерийн нээлтэд зарлагдсан үнэд үндэслэн дараах дарааллын дагуу харьцуулах үнийг тодорхойлно. Үүнд:

7.3.1.үнийн арифметик алдааг залруулах;

7.3.2.үнийн хөнгөлөлтийг оролцогчоос ирүүлсэн аргачлалын дагуу тооцох, аргачлал ирүүлээгүй бол тендерийн үнээс тооцох;

7.3.3.шаардлагатай бол энэ аргачлал, зааврын 7.3.1-7.3.3-т заасан үнийг нэг валютад хөрвүүлэх;

7.3.4.давуу эрх олгох;

7.3.5.үнэлгээнд харгалзах шалгуур үзүүлэлт хэрэглэхээр тусгасан бол мөнгөөр илэрхийлж, харьцуулах үнийг хийсвэрээр нэмэгдүүлэх.

7.4.Тендерийн үнийн арифметик алдааг доор дурдсанаар залруулна. Үүнд:

7.3.1.нэр төрлийн мөр дэх нийт үнэ нь түүний нэгж үнийг тоо ширхгээр үржүүлэхэд гарсан үнээс зөрвөл нэгж үнийг үндэслэн түүний мөр дэх нийт үнийг залруулна. Харин нэгж үнийн аравтын орны таслалыг илэрхий алдсан гэж үзвэл тухайн мөр дэх нийт дүнг зөв гэж үзэн холбогдох нэгж үнийг залруулах;

7.3.2.мөр дэх үнийн нийлбэр эсхүл ялгаварт алдаа байвал мөр дэх үнийг үндэслэн нийт үнийг залруулах;

7.3.3.тоо болон үгээр илэрхийлэгдсэн дүн хоорондоо зөрсөн бол үгээр илэрхийлэгдсэнийг зөв гэж үзэж тоон дүнг залруулна. Харин үгээр илэрхийлсэн дүн нь арифметик алдаанаас шалтгаалсан бол 7.3.1, 7.3.2-т нийцүүлэн тоогоор илэрхийлсэн дүнг баримтална.

7.4.ендерийн үнийн арифметик алдааг залруулсан бол хуулийн 27.4-т зааснаар оролцогчид мэдэгдэж, хүлээн зөвшөөрөх эсэх талаар бичгээр хариу ирүүлэхийг шаардана. Арифметик алдааны залруулгыг хүлээн зөвшөөрөөгүй, эсхүл хариу ирүүлээгүй бол шаардлагад нийцэхгүй гэж үзэж татгалзана.

7.5.Арифметик алдааг залруулах болон санал болгосон үнийн хөнгөлөлтийг тооцоход Маягт 5-ыг баримтална.

7.6.Үнийн хөнгөлөлтийг хувиар илэрхийлсэн бол үнийн хөнгөлөлтийг зохих тендер илгээх маягтад үнээс, тендер илгээх маягтын үнийн арифметик алдааг залруулсан бол залруулсан дүнгээс тооцож (жишээлбэл, үнийн хөнгөлөлт нь магадлашгүй зардалд хамаарах эсэхийг шалгах) Маягт 5-ын (4) дүгээр баганад тооцоолон тусгана.

7.7.Арифметик алдааг залруулсан, үнийн хөнгөлөлт тооцсон, нэг валютад хөрвүүлснээр тендерийн үнэ өөрчлөгдсөн бол энэ тухай тайлбарыг маягтад хавсаргана.

7.8.Хэд хэдэн багцад гэрээ байгуулах нөхцөлтэй санал болгосон үнийн хөнгөлөлтийг (эсхүл үнийг өсгөх өөрчлөлтийн) үнэлгээний бусад бүх шатыг дууссаны дараа харгалзан үзнэ.

Найм.Дотоодын бараа нийлүүлэх тендерт
давуу эрх олгох

 

8.1.Захиалагч бараа нийлүүлэх тендерт давуу эрх олгохтой холбоотойгоор шаардлагад нийцсэн тендерүүдийг “А”, “Б”, “В” гэсэн ангилалд хуваана.

8.2.Хулийн 8.4-т заасан аль нэг нөхцөлийг хангасныг нотлох баримтаа зохих ёсоор ирүүлснийг захиалагч хянан үзэж баталгаажуулсан бол “А” ангилалд хамааруулна.

8.3.“А” ангилалд хамааруулсан тендерийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 5.1-д заасан жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч ирүүлсэн бол түүнийг “Б” ангилалд хамруулна.

8.4.Захиалагч хянан үзээд шаардлага хангасан гэж үзсэн тендерүүдээс “А” эсвэл “Б” ангилалд хамаарахгүй бусад тендерийг “В” ангилал гэж үзнэ.

8.5.Оролцогчийн бараа нийлүүлэх тендерийн үнээс хийсвэрээр бууруулах дүнг тооцоолох суурь үнэ нь зөвхөн тухайн тендерт санал болгосон дотоодын барааны нийлбэр үнэ байна.

8.6.Энэ аргачлал, зааврын 8.5-д заасан дотоодын барааны нийлбэр үнийг тодорхойлохдоо хуулийн 4.1.7-д заасан бараа болохыг зохих ёсоор нотлох ба тухайн барааны үнийг зах зээлийн ханшаас илүүгүйгээр тодорхойлсон байна.

8.7.Бараа нийлүүлэх санал бүхий тендерт давуу эрх олгох тооцооллыг энэ аргачлал, зааврын Маягт 6-ын 1 дүгээр хүснэгтийн дагуу хийнэ.

8.8.Ажил гүйцэтгэх тендер ирүүлсэн оролцогч нь “А” эсхүл “Б” ангиллын тендер ирүүлсэн бол түүний ирүүлсэн тендерийн мэргэшсэн төсөвчнөөр баталгаажуулсан төсвөөс давуу эрх тооцуулахад шаардлагатай дотоодын барааг нийлүүлэх боломжтойг нотолсон баримт, нийлүүлэгчтэй байгуулсан гэрээг тендерт ирүүлсэн байна.

8.9.Энэ аргачлал, зааврын 8.8-д зааснаар шаардлага хангасан нотлох баримт бүхий барааны үнийн дүнг энэ аргачлал, зааврын 8.7-д зааснаар хийсвэрээр бууруулна.

Ес.Ажил гүйцэтгэх тендерт
давуу эрх олгох

9.1.Ажил гүйцэтгэхээр ирүүлсэн шаардлагад нийцсэн тендерүүдийг “А”, “Б”, “В” гэсэн ангилалд хуваана.

9.2.Хуулийн 8.7.1-д заасан нөхцөлийг хангасныг нотлох баримтаа зохих ёсоор ирүүлснийг “А” ангилалд, 8.7.2-т заасан нөхцөлийг хангасныг нотлох баримтаа зохих ёсоор ирүүлснийг “Б” ангилалд хамруулна.

9.3.Ажил гүйцэтгэхээр ирүүлсэн шаардлагад нийцсэн тендерүүдийн “А”, “Б” ангилалд хамаарахгүй бусад оролцогчийг “В” ангилал гэж үзнэ.

9.4.Ажил гүйцэтгэх тендерт энэ аргачлал, зааврын 8.8-д зааснаар давуу эрх олгосон бол тухайн барааны хэсгийн үнийг хассаны дараах тендерийн харьцуулах үнийг “А” ангиллын хувьд 5 хувиар, “Б” ангиллын хувьд 7.5 хувиар тус тус бууруулна.

9.5Ажил гүйцэтгэх тендерт давуу эрх олгох тооцооллыг энэ аргачлал, зааврын Маягт 6-ын 2 дугаар хүснэгтийн дагуу хийнэ.

Арав.Тендерийг харьцуулах

10.1.Захиалагч тендерт давуу эрх олгож гэрээ байгуулсан бол энэ тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу жилийн эцсийн тайланд тусгах ба гэрээний хэрэгжилтийн явцад давуу эрх тооцсон үндэслэл биелэгдсэн эсэхийг нягтална.

10.2.Хуулийн 11.5-д зааснаар мөнгөөр илэрхийлэн тооцох шалгуур үзүүлэлтийг хангасан тендерийн харьцуулах үнийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан аргачлалын дагуу тооцно.

10.3.Энэ аргачлал, зааврын 5.4, 5.5-д зааснаар хүлээн зөвшөөрсөн зөрүүг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан аргачлалын дагуу мөнгөөр илэрхийлэн тооцож тендерийн үнийг хийсвэрээр өөрчлөхөд дараах зарчмыг баримтална:

10.3.1.оролцогчоос тодорхойгүй шаардлага, нөхцөл (тухайлбал, “урьдчилгаа төлбөрийн хэмжээг ихэсгэхийг хүсч байна” эсвэл “дуусгах хуваарийг өөрчлөх талаар хэлэлцэхийг хүсч байна” гэх мэт)-ийг хүлээн зөвшөөрсөн бол үүний дагуу харьцуулах үнэд өөрчлөлт оруулахгүй;

10.3.2.бараа, үйлчилгээг гүйцэтгэх хуваарь нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хугацаанаас хэтэрснийг хүлээн зөвшөөрсөн бол хэтэрсэн хугацааг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан хэмжээгээр үнэлж, заагаагүй бол гэрээний нөхцөлөөр тооцох алдангийн хувь хэмжээгээр тооцож тендерийн үнийг хийсвэрээр нэмэгдүүлнэ.

10.4.Тендер шалгаруулалтын баримт бичиг заасан аргачлалын дагуу харьцуулах үнийг хэрхэн тооцсоныг үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд дэлгэрэнгүй тайлбарлана.

10.5.Тендерийн харьцуулах үнийг тодорхойлсны дараа хуулийн 27.5, 27.6-ийн аль тохирохыг үндэслэн эрэмбэлнэ.

10.6.Хамгийн сайн тендерийн мэдээллийг Маягт 7-ийн дагуу үйлдэнэ.

10.7.Хуулийн 27.8-д зааснаар тендерийн хувилбарт саналыг хянан үзсэн бол энэ тухай үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тусгах ба гэрээ байгуулах эрх олгосон бол шийдвэрт тодорхой заана.

10.8.Захиалагч хуулийн 28.1-д заасан шийдвэрийг Маягт 8, 9, 10-д заасан ерөнхий мэдээллийг тусгаж боловсруулах ба тухайн тендер шалгаруулалтын арга, нөхцөлөөс хамааран шийдвэрийн төсөлд өөрчлөлт оруулах эрхийг хязгаарлахгүй.

10.9.Хуулийн 30.2-т өөрөөр заагаагүй бол гэрээ байгуулах эрх олгох шийдвэрт гэрээг баталгаажуулах, гүйцэтгэлийн баталгаа ирүүлэхээр заах хугацаа нь захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах боломжтой хугацаа дууссаны дараа, шалгарсан оролцогчийн тендерийн хүчинтэй байх хугацаа дуусаагүй байх хугацаа байна.

10.10.Хоёр ба түүнээс дээш багцтай тендер шалгаруулалтад хэд хэдэн багцад хамтад нь хамгийн бага харьцуулах үнэ санал болгосон тендерийг тодорхойлох, түүнд санал болгосон үнийн хөнгөлөлтийг тооцохдоо дараах аргачлалыг баримтална. Үүнд:

10.10.1.багц тус бүрийн хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгох;

10.10.2.хоёр ба түүнээс дээш багцад гэрээ байгуулах эрх авсан тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлэхээр санал болгосон тендерийн үнээс уг үнийн хөнгөлөлтийг тендер илгээх маягтад тодорхойлсон аргачлалын дагуу тооцсоны дараа шаардлагатай бол түүний харьцуулах үнийг дахин тодорхойлно. Ийнхүү тодорхойлохдоо хоёр ба түүнээс дээш багцад хамгийн бага харьцуулах үнэтэй тендер ирүүлсэн этгээд нь ТШЗ-ны 35.2-т зааснаар дахин магадлахад шаардлага хангаж байхыг шаардана;

 

10.10.3.дээрх үнэлгээг хийсний дараа тендерийн харьцуулах үнэд үндэслэн захиалагч гэрээ байгуулах эрхийг нэг багцад, хэд хэдэн багцад, эсхүл бүх багцад олгох хувилбаруудыг тооцож, гэрээний үнийн нийлбэр нь хамгийн бага байх хувилбарыг сонгох.

 

-o0o-

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар
сарын 25-ны өдрийн А/250 дугаар
 тушаалын хавсралт

 

 

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА,
АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААГ
 ТӨЛӨВЛӨХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид “хууль” гэх)-ийн дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө, захиалагчийн хөрөнгө, зээл, тусламжийн хөрөнгөөр захиалагч тухайн төсвийн жилд бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах болон захиалагчийн худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавьж, дүн шинжилгээ хийхтэй холбоотой харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.

1.2.Энэ журмыг хуулийн 4.1.9-д заасан захиалагч үйл ажиллагаандаа мөрдөнө.

1.3.Захиалагч хууль болон бусад эрх бүхий этгээдээс баталсан төсвийн дагуу тухайн жилийн төсөвт батлагдсан бараа, ажил, үйлчилгээг төлөвлөх, тайлагнах ажиллагааг энэ журмын хавсралтад заасан маягтын дагуу худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn) (цаашид “цахим систем” гэх)-ээр хөтөлнө.

1.4.Захиалагч худалдан авах ажиллагааны төлөвлөгөө (цаашид “төлөвлөгөө” гэх), худалдан авах ажиллагааны тайлан (цаашид “тайлан” гэх), түүнд оруулсан аливаа өөрчлөлтийг цахим системээр хөтөлнө.

1.5.Захиалагчийн дээд шатны байгууллага төлөвлөгөө, тайлан, тэдгээрт холбогдох өөрчлөлтийг цахим системд бүртгэлтэй захиалагчийн эрхээр хянаж, баталгаажуулна.

1.6.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын худалдан авах ажиллагааны бодлого хариуцсан нэгж (цаашид “нэгж” гэх) төсвийн ерөнхийлөн захирагч болон энэ журмын 1.7-д заасан бусад захиалагчаас цахим системээр хянан баталгаажуулсан худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тайлан, цахим системийн бусад мэдээлэлд үндэслэн тухайн оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд энэ журмын 4 дүгээр зүйлд зааснаар хяналт тавьж, дүн шинжилгээ хийнэ.

1.7.Бусад захиалагчид Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаггүй төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой компани, төсвийн ерөнхийлөн захирагч болон төсвийн төвлөрүүлэн захирагчид харьяалагддаггүй бусад этгээд хамаарна.

Хоёр.Худалдан авах ажиллагааны төлөвлөлт

2.1.Худалдан авах ажиллагааны зарчимд нийцүүлэн захиалагч төлөвлөгөөг хуулийн 44 дүгээр зүйл болон энэ журамд заасны дагуу санхүүжилтийн эх үүсвэр батлагдсан даруйд боловсруулна.

2.2.Захиалагч төлөвлөгөөг батлагдсан нийт төсөвт үндэслэн төсөл, арга хэмжээ нэг бүрээр энэ журмын хавсралтын 1 дүгээр маягтын дагуу цахим системд боловсруулна.

2.3.Тухайн жилийн төсөвт он дамжин хэрэгжихээр тусгагдсан төсөл, арга хэмжээг төлөвлөгөөнд тусгаж, тайлбарт он дамжин хэрэгжиж байгаа талаар дурдана.

2.4.Төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг жил бүрийн 05 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байхаар төлөвлөгөөнд тусгах, төсөвт тодотгол орсон бол төсөв батлагдсан даруйд хэрэгжүүлэхээр тусгана.

2.5.Хуулийн 10.7-д заасан ерөнхий гэрээний аргаар худалдан авах бараа, үйлчилгээ цахим дэлгүүрт бүртгэгдсэн бол ерөнхий гэрээний аргаар худалдан авахаар төлөвлөгөөнд тусгана.

2.6.Захиалагч төрийн байгууллагын төсвийн шууд захирагч, төрийн болон орон нутгийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газрын гүйцэтгэх удирдлага төлөвлөгөөг батлагдсан төсөв болон хуульд нийцсэн эсэхийг хянан баталж, санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор холбогдох дээд шатны байгууллагад төлөвлөгөөг цахим системээр илгээнэ:2.6.1.төсвийн шууд захирагч нь төсвийн төвлөрүүлэн захирагчид, төсвийн төвлөрүүлэн захирагч нь төлөвлөгөөг нэгтгэн хянаж төсвийн ерөнхийлөн захирагчид;2.6.2.төсвийн шууд захирагч нь төсвийн төвлөрүүлэн захирагчгүй бол төсвийн ерөнхийлөн захирагчид;2.6.3.Төсвийн тухай хуулийн 61.1-д заасны дагуу гэрээний үндсэн дээр санхүүжих байгууллагын төсвийн шууд захирагч нь сум, дүүргийн Засаг даргад, сум, дүүргийн Засаг дарга нь төлөвлөгөөг нэгтгэн хянаж төсвийн ерөнхийлөн захирагч болох аймаг, нийслэлийн Засаг даргад;2.6.4.төсвийн ерөнхийлөн захирагч дээрх төсвийн захирагчдын төлөвлөгөөг санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас хойш нэг сарын дотор нэгтгэн хянаж, баталгаажуулан цахим системд нийтэлнэ.

2.7.Захиалагч төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төслийн зохицуулагч өөрийн байгууллагын төлөвлөгөөг баталж санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас хойш ажлын 10 өдрийн дотор төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагчид, төсөл хэрэгжүүлэгч байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч нь төлөвлөгөөг санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас хойш нэг сарын дотор нэгтгэн, батлагдсан төсөв болон хуульд нийцсэн эсэхийг хянаж, баталгаажуулан цахим системд нийтэлнэ.

2.8.Энэ журмын 1.7-д заасан захиалагчийн гүйцэтгэх удирдлага төлөвлөгөөг батлагдсан төсөв болон хуульд нийцсэн эсэхийг хянан, батална. Захиалагчийн баталгаажуулсан төлөвлөгөөг санхүүжилтийн эх үүсвэр батлагдсанаас хойш нэг сарын дотор цахим системд нийтэлнэ.

2.9.Захиалагч өөрийн байгууллагын төсвийн хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөө хууль тогтоомжид нийцэж буй эсэх, тухайн байгууллагын зорилтыг хангах, үр ашигтай, зөв төлөвлөгдсөн эсэхийг хянан, цахим системээр батална.

2.10.Захиалагчийн холбогдох дээд шатны байгууллага захиалагч төлөвлөгөөг зохих журмын дагуу төлөвлөсөн эсэхийг хянаж, хууль, журамд нийцсэн бол цахим системээр баталгаажуулж, хууль, журамд нийцээгүй бол үндэслэлийг дурдан төлөвлөгөөг буцаана.

2.11.Захиалагч цахим системд нийтэлсэн төлөвлөгөөг мөрдөж ажиллах ба энэ журмын 2.12-т заасан үндэслэлээр батлагдсан төлөвлөгөөнд орсон нэмэлт, өөрчлөлтийг холбогдох шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлөвлөгөөнд өөрчлөлтийг тусган, батална. Хэрэв холбогдох дээд шатны байгууллага байгаа бол төлөвлөгөөний өөрчлөлтийг түүгээр батлуулахаар цахим системээр илгээж, өөрчлөлтийг баталгаажуулна.

2.12.Батлагдсан төлөвлөгөөнд дараах тохиолдлоос өөр үндэслэлээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно:2.12.1.тухайн жилийн төсөвт тодотгол хийсэн, хуульд заасан бусад эх үүсвэр батлагдсан, Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар төсөвт зохицуулалт хийсэн;2.12.2.энэ журмын 1.7-д заасан захиалагчийн тухайн онд хэрэгжүүлэхээр батлагдсан эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тодотгол, хуулийн этгээдийн үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл үүссэн.

   2.13.Төлөвлөгөөнд тусгагдсан тухайн төсөл, арга хэмжээний төсөвт өртөг, зохион байгуулах хугацаа, тендер шалгаруулалтын арга, бараа, ажил, үйлчилгээний төрөл, тухайн тендер шалгаруулалтыг хүчингүй болгох, бүр захиалагч холбогдох өөрчлөлттэй холбоотой үндэслэлийг албан бичгээр үйлдэж, цахим системд хавсаргасан байх ба холбогдох этгээд түүнийг хянаж төлөвлөгөөний өөрчлөлтийг зөвшөөрнө.

2.14.Энэ журмын хавсралтын 1 дүгээр маягтад тусгагдсан төсөл, арга хэмжээний нэр нь батлагдсан төсөвт тусгагдсан нэр байх ба тус бүрд үсэг, тэмдгээс бүрдсэн, дахин давтагдахгүй тендер шалгаруулалтын дугаартай код өгнө. Кодыг дараах байдлаар олгоно:

2.14.1.байгууллагын нэрийн товчлол, түүний араас ташуу зураас татаж, тухайн оны дугаар, тендер шалгаруулалтын аргын дугаар, төрлийн дугаар, төсөл арга хэмжээний батлагдсан дугаар бичнэ. Байгууллагын нэрийн товчлол буюу нэрийн үг бүрийн эхний үсэг байна. (Жишээлбэл: Сангийн яам. Хэрэв давхцах тохиолдолд сүүлд бүртгүүлсэн захиалагчийн нэрийн эхний үгийн хоёр дахь үсгийг агуулсан байвал зохино /Соёлын яам: СОЯ/.);2.14.2.тендер шалгаруулалтын аргын дугаар: Нээлттэй – 01, Харьцуулалт – 02, Гэрээ шууд байгуулах – 03, Нэг эх үүсвэрээс худалдан авах – 04, Ерөнхий гэрээ – 05, Шууд худалдан авалт – 06;

2.14.3.төрлийн дугаар: Ажил – 01, Бараа – 02, үйлчилгээ – 03;

2.14.4.батлагдсан төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтын код. Жишээлбэл: СОЯ/20230101001. Соёлын яамны 2023 он, нээлттэй арга, ажил, 99 тендер шалгаруулалтын эхний тендер шалгаруулалт. Хэрэв багцад хуваасан багц дугаартай байна.

2.15.Энэ журмын 2.3-т заасан төсөл, арга хэмжээнд тухайн оны төлөвлөгөөнд туссан нэр, кодыг өөрчлөхгүй.

2.16.Батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад харьяалах төсвийн ерөнхийлөн захирагч, энэ журмын 1.7-д заасан захиалагчийн гүйцэтгэх удирдлагыг томилсон, эсхүл гэрээ байгуулсан этгээд энэ журмын 4 дүгээр зүйлд заасан шалгуур үзүүлэлтийн дагуу хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулж болно.

2.17.Хуулийн 45.2-т заасан төсөл, арга хэмжээ бүрийн техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгаврыг ирүүлээгүй, илтэд алдаатай, эсхүл бүрэн бус ирүүлсэн бол мэргэжлийн байгууллага ажлын гурван өдрийн дотор захиалагчид мэдэгдэж, төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтыг холбогдох баримт бичиг бүрэн ирүүлэх хүртэл хугацаагаар зарлахыг түдгэлзүүлнэ.

2.18.Худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тогтмол зардлаар санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг төлөвлөхгүй.

2.19.Захиалагч тухайн жилийн төлөвлөгөөг энэ журамд заасны дагуу цахим системд бүрэн оруулж, батлуулаагүй нь хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэл болно.

Гурав.Худалдан авах ажиллагааны тайлагналт

3.1.Захиалагч тухайн жилд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг энэ журмын хавсралтын 2 дугаар маягтын дагуу цахим системд боловсруулж, журмын 2.7, 2.8-д заасан төлөвлөгөө батлуулах дарааллын дагуу холбогдох дээд шатны байгууллагад тухайн төсвийн жил дууссан даруйд цахим системээр тайлагнана.

3.2.Энэ журмын 3.1-д заасан захиалагчийн тухайн жилд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг төсвийн ерөнхийлөн захирагч энэ журмын хавсралтын 2 дугаар маягтын дагуу цахим системд хянан нэгтгэж, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор цахим системээр тайлагнана.

3.3.Энэ журмын 1.7-д заасан захиалагч тухайн жилд худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний тайланг энэ журмын хавсралтын 2 дугаар маягтын дагуу цахим системд боловсруулж, тухайн төсвийн жил дууссан даруйд төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахим системээр тайлагнана.

3.4.Эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрх шилжүүлсэн төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахим системээр тайлагнана.

3.5.Эрх шилжиж ирсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрх хүлээн авсан этгээд энэ журамд заасан хугацаанд шилжүүлсэн этгээдэд цахим системээр тайлагнана.

3.6.Батлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй, зохих ёсоор хэрэгжүүлээгүй үндэслэл, тайлбар болон хууль, журамтай холбоотой санал хүсэлтийг тайланд тусгана.

3.7.Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага цахим системийн ашиглалт болон захиалагчаас ерөнхий гэрээний дагуу цахим дэлгүүрээс худалдан авсан бараа, үйлчилгээний тайланг нэгтгэн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ журмын хавсралтын 3 дугаар маягтын дагуу цахим системээр дараа оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор тайлагнана.

3.8.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 3.2, 3.3-т заасны дагуу ирүүлсэн тайланг нэгтгэн энэ журмын 4.1-д заасан шалгуур үзүүлэлтийн хүрээнд нэгдсэн тайлан боловсруулж, Засгийн газарт тайлагнана.

3.9.Шууд худалдан авалт хийсэн захиалагч тухайн гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, гэрээний үнийн дүнг цахим системд оруулсан байна.

3.10.Худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг тухай бүр цахим системд оруулаагүй тохиолдолд цахимд системд мэдээлэл нэгтгэгдэхгүй ба энэ журмын 2.16-д заасан этгээд захиалагчийн төлөвлөгөөний биелэлт, холбогдох мэдээллийг тухай бүр оруулсан эсэхэд хяналт тавина.

3.11.Захиалагч тухайн жилийн худалдан авах ажиллагааны тайланг цахим системд бүрэн оруулж, батлуулаагүй нь хуульд заасан хариуцлага хүлээх үндэслэл байна.

Дөрөв.Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд
хяналт тавих, дүн шинжилгээ хийх

4.1.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн жилийн худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг захиалагчаас цахим системд нийтэлсэн төлөвлөгөө, тайлан, цахим системийн холбогдох бусад мэдээлэлд үндэслэн дараах шалгуур үзүүлэлтийн хүрээнд хяналт тавьж, дүн шинжилгээ хийнэ:

4.1.1.батлагдсан төлөвлөгөөг хуулийн 44.4-т заасан хугацаанд цахим системд нийтэлсэн эсэх4.1.2.тайланг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахим системээр цаг хугацаанд нь тайлагнасан эсэх4.1.3.төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт орсон эсэх;

4.1.4.хуульд заасан тендер шалгаруулалтын аргыг зөв сонгосон эсэх;4.1.5.төлөвлөгөөнд заасан хугацаанд тендер шалгаруулалт зарласан эсэх;

4.1.6.тендер шалгаруулалтын зарлалыг цахим системд нийтэлсэн эсэх;4.1.7.тендер шалгаруулалтын үр дүнг захиалагчийн шийдвэр гарсан өдөр цахим системд нийтэлсэн эсэх;

4.1.8.худалдан авах гэрээг хуулийн 30.1-д заасан хугацаанд байгуулсан эсэх

4.1.9.худалдан авах гэрээг цахим системд нийтэлсэн эсэх;

.гэрээний хэрэгжилтийг цахим системд хөтөлсөн эсэх;4.1.11.гэрээ байгуулах эрх олгосон асуудлаар гарсан гомдол захиалагчийн талд шийдвэрлэгдсэн эсэх;

 

4.1.12.хуулийн 24.4, 30.6-д заасан тохиолдол үүссэн эсэх;

4.1.13.тайланд заасан мэдээллийг бүрэн ирүүлсэн эсэх;

4.1.14.төсвийн ерөнхийлөн захирагчийн тайланд бүх захиалагч хамрагдсан эсэх;

4.1.15.худалдан авах ажиллагаанд хэмнэлт гаргасан эсэх;

4.1.16.дотоодын үйлдвэрлэлээс бараа худалдан авсан эсэх, түүний хэмжээ;

4.1.17.худалдан авах гэрээнд авлига, ашиг сонирхлын зөрчил тогтоогдсон тохиолдолд гэрээг цуцалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлж, олон нийтэд мэдээлсэн эсэх.

4.2.Нэгж энэ журмын 3.2, 3.3-т заасны дагуу цахим системээр ирүүлсэн тайланг журмын 4.1-д заасан шалгуур үзүүлэлтээр хяналт тавьж, дүн шинжилгээ хийнэ.

4.3.Энэ журмын 4.2-т заасан хяналт, дүн шинжилгээний дүгнэлтийг төсвийн ерөнхийлөн захирагчид албан бичгээр, энэ журмын 1.7-д заасан захиалагчид цахим системээр хүргүүлж, танилцуулна.

4.4.Энэ журмын 4.2-т заасан хяналт, шинжилгээ, үнэлгээний дүгнэлтэд үндэслэн төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, дараа оны эхний улиралд Засгийн газарт тайлагнана, шаардлагатай бол энэ журмын 1.7-д заасан захиалагчийн худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг нэгтгэн дүгнэж, Засгийн газарт танилцуулж болно.

4.5.Нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайланд төсвийн ерөнхийлөн захирагчийн худалдан авах ажиллагааны нэгдсэн дүгнэлтийг тайлбарын хамт тусгана.

4.6.Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тайланд хяналт тавьж, дүн шинжилгээ хийх явцад илэрсэн зөрчил, дутагдлыг Засгийн газарт хүргүүлэх худалдан авах ажиллагааны улсын хэмжээний нэгдсэн тайланд тусгана.

 

---oOo---