card

Өлт 7-р багийн Засаг дарга Б.Санжидмаа 

Дашням овогт Баатарын Санжидмаа нь ам бүл 4-үүл. Нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг. 1991-2001 онд Уянга сумын Ерөнхий боловсролын сургууль, 2008 онд  Засагт хан дээд сургуулийн Төрийн захиргааны удирдлагын ангийг тус тус төгссөн. 2017 оноос эхлэн Өлт 7-р багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байна. 

Өлт 7-р багийн танилцуулга

Тус баг нь 2004 онд Өлт 7-р баг нэртэйгээр байгуулагдсан. ИНХурлын даргаар Д.Содномбалжир, Засаг даргаар Б.Баатар, ИНХ-ын тэргүүлэгчдээр Д.Лувсандагва, Ц.Даваасүрэн, Т.Рэнцэнлхүмбэ, С.Дэмбэрэл нар ажилласан. 2017 оноос ИНХурлын даргаар Д.Содномбалжир, Засаг даргаар Б.Санжидмаа, ИНХурлын тэргүүлэгчдээр Б.Бямбатогтох, Ц.Төрболд, З.Болортуяа, Ц.Болормаа, Ш.Цэрэнбавуу нар ажиллаж байна. Өлт багийн төв нь Их Өлтийн эхэнд байрладаг.

23620 га нутаг дэвсгэртэй, нутаг дэвсгэрийн 8763 га-д ойн тархац шинэс, хуш, бургас зэрэг ой модтой, мөн олон төрлийн эмийн ургамал ургадаг,  ойн сав газарт буга, согоо, гахай, чоно, хэрэм, хүдэр, булга, шилүүс, хойлог, ахуун, нохой зээх, тоншуул, модны шаазгай, тас, бүргэд зэрэг ан амьтан жигүүртэн шувуудтай. Хангайн овоо, Ногоон нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудтай, Баарай, Ар Өлтийн 10-аад жижиг гол өвтийн голд цутгадаг. 24 булагийн эх сэргэж 9 булгийн эхийг хашиж хамгаалсан. Мөн манай багт Тахилгат хайрхан, Булган хайрхан, Ар Өлт, Буурал хайрхан зэрэг 4-н ойн нөхөрлөл ажиллаж байгаль орчноо хамгаалахын зэрэгцээ ойн нөхөн сэргээлт хийж шинэс, хуш зэрэг модыг үрслүүлэн тарьж талбайд гарган тарьж байна.Их Өлтийн хөндийд 30 гаруй аж ахуйн нэгж алт олборлох үйл ажиллагаа явуулдаг. “Хангайн түмэн сүрэг” хувийн мал эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж мал сүргийг эрүүлжүүлж байна.

 2017 оны байдлаар 445 өрхтэй.  Үүнээс  мал бүхий  230 өрх, мал аж ахуй эрхэлдэг 215 малчин өрхтэй. 1367 хүн амтай. Бүгд 32505 толгой мал тоологдсноос адуу 2613, үхэр 5357, хонь 11767, ямаа 12768 байна.

            Манай баг Иргэдийн Нийтийн хурлыг жилд 3-4 удаа хуралддаг. Тэргүүлэгчдийн хурлыг 6-7 удаа хийдэг. Багийн төвд хурал цуглаан хийхээс гадна уралдаан тэмцээн, тэмдэглэлт өдрүүдийн баярыг тогтмол хийж, оны эцэст багийн шилдэг иргэн, аж ахуйн нэгжүүдийг шалгаруулан оны шилдгүүдийг тодруулдаг. Эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяраар авхаалж самбаа сорьсон уралдаан тэмцээн цэнгээнт бүжиг зэргийг явуулж өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулдаг.

             Манай багийн тэргүүний сайчууд: Аймагийн аврага саальчин Г.Хорлоо, сумын аврага саальчин Х.Загарсүрэн, сумын сайн малчин Д.Өсөхбаатар, спортын салбарт амжилт гаргаж яваа аймгийн заан Д.Дарханбаатар, сумын заан А.Батнасан, аймгийн алдарт уяач Б.Даваадорж, У.Баярмөнх, сумын алдарт уяач Г.Дорж, Т.Рэнцэнлхүмбэ, С.БатӨлзий, З.Содномдагва, Д.Ганбаатар, У.Баяртогтох, Г.Лхагвасүрэн, Б.Аюушжав, сурын спортын дэд мастер О.Чулуунбат, шагайн харвааны дэд мэргэн Г.Бүддорж нарын тэргүүний хүмүүс бусдыгаа  хошуучилж байна.